Sunday, October 29, 2023

ЛЕКЦ 10. ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРТ СУРАЛЦАХУЙ

 Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Харилцааны ур чадварт суралцахуй” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Харилцааны ур чадварын гол утга учир нь бусдыг сайн сонсож, мөн сайн ярьж чаддаг байхад оршино. Харамсалтай нь хүмүүс тухайн нөхцөл байдалд зохицсон яриа өрнүүлэх чадвар дээрээ тэр бүр анхаараад байдаггүй.

Америкийн үргэлжилсэн үгийн зохиолч Венделл Холмз бичихдээ “Ярих гэдэг бол хамгийн уран нарийн, хамгийн чухал, мөн хамгийн хэцүү урлагуудын нэг мөн” гэсэн байдаг. Харилцаа холбоондоо дэвшилт гаргахыг хүсвэл яриагаа хэт сунжруулалгүй, идэвхтэйгээр өрнүүлэхэд тань туслах болов уу гээд дараах зөвлөгөөг хүргэж байна.

•Товчхон ярих:

Урт удаан сунжирсан яриагаар хүмүүсийг залхаах хэрэггүй. Өөрийн хэлэх гэсэн зүйлээ хурдан, товчхон хэлж гол утгаа илэрхийлж сурахаас гадна хэлэх гэсэн зүйлээ хэлэх гэсэн боломжийг бусдад олго.

•Яриаг чинь сонсож байгаа хүмүүсийг сайн мэдэр:

Сонсогчдыг сэргээх үүднээс өөрийн богинохон ярианд ч гэсэн оролцуулж идэвхтэй байлга. Мөн тухайн хүмүүс танд ердөө л найрсаг хандахыг хичээж байна уу эсвэл яриаг чинь үнэхээр шимтэн сонсож байна уу гэдгийг ялгаж салга. Сонсогчдын чинь сэтгэл хөөрсөн мэт байдал ажиглагдвал тэд таны яриаг үнэн хэрэгтээ сонсохгүй байгаагийн илрэл. Энэ үед яриагаа зогсоож бусдыг сонсож эхлээрэй.

•Нааштай зүйлсийн талаар ярих:

Яриа өрнүүлэх сонирхолтой сэдвүүдийг олж авахын тулд та суралцаж, туршлага хуримтлуулж болно шүү дээ. Өөрийн мэдлэгийн цар хүрээг өдрөөс өдөрт, сараас сард нэмэгдүүлэн хуримтлуулж чадвал таны ярианы сэдэв хэзээ ч дуусахгүй дороосоо ундран гарсаар байх болно. Өдөр тутмын чанартай сонингуудаас байнга авч уншиж байхад гэмгүй.

•Хэлэх гэсэн зүйлээ ойлгуулах чадварт суралцах:

Яриандаа алиа марзан, үнэмшилтэй байдал болон сэтгэл хөдлөлийг оролцуулж сурах. Өөрөөр хэлвэл хөгжилтэй, өнгөлөг, шинэхэн, амьд яриа өрнүүлж сурах. Яриаг сайн өрнүүлж хөгжилтэй байлгахад ярианы чинь гол сэдвээс илүү таны хэрхэн ярьж байгаа байдал чухал байдаг байна. Сайн ярьж чаддаг хүн бол хамгийн уйтгартай сэдвээр ч яриа өрнүүлж, түүнийгээ хүмүүст хүргэж чаддаг.

•Хэлэх хэлэхгүй зүйлээ сэдэж байх:

Яриагаа амьд өрнөлтэй байлгахын тулд бид заримдаа аль нь үнэн вэ, аль нь илүү ашигтай вэ, алийг нь хэлэхгүй үлдээсэн нь дээр вэ гэх мэт асуултуудад хариулт олж сурах хэрэгтэй байх нь. Тухайн мөчид аль сонголтыг хийх вэ гэдэг хамгийн чухал. •Сэтгэл хөдлөлийн хүчийг ашиглах:

Багахан хэмжээний яриа өрнүүлэхдээ ч гэсэн яриагаа сэтгэл хөдлөлөөр чимж байх. Хүмүүс таны юу мэдэж байгааг чинь биш харин таны сэтгэлд ямархуу байгаа талаар илүү их анхаарч ярианд чинь татагдах болно. Тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлтэйгээр хэлэх зүйлээ илэрхийлж чадсан байхад үр дүн нь дороо л харагдана.

•Дуу хоолойныхоо өнгийг тохируулах:

Хүмүүсийн хоорондын харилцааны талаарх судалгааны дүнгүүдээс харахад дуу хоолойны өнгө тухайн ярьж байгаа зүйлийн утга агуулгаас ч илүүтэй их нөлөөлөл үзүүлдэг байна. Сонсож байгаа хүмүүсийнхээ анхаарлыг алдахгүй байхын тулд та дууныхаа өндөр нам, чанга сулд анхаараад зогсохгүй ярианы хурд, хэмнэлээ ч тохируулах нь. Намуун тааламжтай өнгөөр яриагаа өрнүүлвэл ямар ч хүн ярианд чинь өөрийн эрхгүй татагдах болно.

•Харилцан ярианы дайсан болсон зүйлсээс болгоомжил:

Хэрэв та харилцан яриагаа амьд, өрнөлттэй байлгахыг хүсвэл бусдыг шүүмжилж, гомдоллож, доромжилж, маргаж, саад болж, эсэргүүцэж, бусдын яриаг шууд тасалж, доош нь хийсэн утгатай, өөрийн үзлийг тулгасан эсвэл тэнэг сэдвээр үргэлжлүүлэн яриад байсны хэрэггүй. Өөрөөр хэлвэл харилцан тал зассан байдал үүсгэхийг хичээхээс биш зөрчилдсөн байдлыг үүсгэж болохгүй. Улс төр гэх мэт чухал сэдвээр өрнүүлэх халуун маргаанаа дараа үргэлжлүүлсэн нь дээр.

•Төвөгтэй санагдахуйц үг яриа буюу дадал зуршлаа хаях:

Зарим санаанд оромгүй зүйлс ч хүмүүсийг үргээхэд хангалттай байдаг.Тухайн хүний хэлж байгааг үгүйсгэсэн мэтээр нүдээ эргэлдүүлэх буюу ” Тэгсэн гэсэн мэдсэн ” гэх мэт хэлц үгийг байнга хэрэглэх нь маш уршигтай гэдгийг санахад илүүдэхгүй. •Хөгжилтэй бай:

Та бусдыг инээлгэж, хөгжөөн сэргээж чадах юм бол бараг шууд л найз нь болж байгаа хэрэг. Олонх хүмүүс ерөнхийдөө бага зэрэг сэрэмжилсэн, хашир байдалтай байдаг. Та тэрхүү хашир байдлыг нь өөрчилж, итгэл үнэмшил төрүүлэн улмаар хөгжилтэй наргианч зангаараа сэргээж чадвал тухайн хүн та хоёрын харьцаа харилцан найр тавих, аятайхан шатандаа орж байгаа нь тэр. Гэхдээ наргианыхаа хэмжээг ихдүүлж болохгүй.

•Найрсаг магтаалын үгээр хөөргө:

Хүний сэтгэлийг хөдөлгөх хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг бол цагаа олсон, ухаалаг магтаалын үг хэлэх юм. Түүний үнэнч шудрага, халамжтай зан чанар бас зангиа цамц гэх мэт өмссөн зүүснээ сайхан тохируулсныг нь хэлж өгөхөд гэмгүй. Германы нэгэн зүйр цэцэн үгэнд “Дадлага туршлага мастерыг бий болгоно” гэсэн байдаг. Та одоогйин байдлаар харилцан яриа өрнүүлэх тал дээр хичнээн их ур чадвартай байлаа ч гэсэн харилцан яриа өрнүүлэх тал дээр мастер болох үндсэн зорилго тавин ажиллаж, бодит ажьдрал дээр дадлага туршлага хийж чадах юм бол бусадтай харилцах тал дээр илүү их амжилт олох болно.

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна. 

Эх сурвалж

[1]

Е. Е. Лялина , “Понятие карьеры и карьерного роста персонала предприятия,” Современные наукоемкие технологии, Ботиуд. %2-ын %1№10-2, pp. 271-272, 2013.

[2]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

[3]

МУ-ын Засгийн газар, Алсын хараа 2050, Улаанбаатар хот : УИХ-ын хэвлэх үйлдвэр, 2019.

 

 

No comments:

Post a Comment