Sunday, September 3, 2023

ЛЕКЦ 2. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛУУД

 Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Хүний хөгжлийн үзэл баримтлалууд” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.



Хүн төрөлхтний олон мянган жилийн хөгжлийн явцад хариулт эрэлхийлсэн асуулт олон гарч байсны нэг нь хүний хөгжлийн тухай асуудал юм. Бид өмнөх хичээлийн хүрээнд хүний хөгжил, түүний тодорхойлолтын талаар авч үзсэн билээ. Энэ удаад хүний хөгжлийн ямар ямар үзэл баримтлалууд байдаг, тэдгээрийн нийтлэг болон ялгаатай талыг харьцуулан авч үзэх болно.

Өмнөх хүчээлийн хүрээнд хүний хөгжлийн дараах найман үндсэн онол байгааг дурдсан билээ. Эдгээрт:

1.      Хүний хөгжлийн биогенетик онол:

2.      Хүний хөгжлийн сэтгэцийн задлан шинжилгээний онол:

3.      Хүний хөгжлийн Э. Эриксоны онол:

4.      Ж. Уотсоны бихевиорист онол:

5.      Танин мэдэхүйн үе шатын онол:

6.      Нийгэм-соёлын онол:

7.      Хүний хөгжлийн биосоциал онол:

8.      Хүний хөгжлийн экологийн онол зэргийг дурдаж болно.

Одоо эдгээрийг нэг бүрчлэн дэлгэрүүлэн авч үзье.

Хүний хөгжлийн үйл явцыг тайлбарлахад ихээхэн хувь нэмэр оруулсан онолын нэг нь хүний хөгжлийн биогенетик үзэл баримтлал болно.

Анхлан хүний хөгжил гэж юуг хэлэх, байгаль, нийгмийн гэх хоёр хүчин зүйлийн аль нь уг үйл явцад илүү давамгай үүрэг гүйцэтгэх тухай асуудал эрдэмтдийн дунд маргаан дэгдээх болсон. Анх тэргүүн уг асуултад эрэмбэ дараатай хариулт өгөхийг эрмэлзсэн хүн бол Францын соён гэгээрүүлэгч Жан Жак Руссо (1712-1778 он) болно. Тэрээр хүний хөгжилд нийгмийн гэхээсээ илүүтэйгээр байгалийн хүчин зүйл хүчтэй нөлөөлдөг болохыг гаргасан. Хөгжил гэгч байгалийн хуулийн дагуу орших бөгөөд хүүхэд өсөлт, хөгжлийн явцдаа томчуудын нөлөөлөлд бага автдаг гэж тэрээр үзсэн. Хөгжил нь генетикийн хувьд кодлогдсон зүйл болно. Өмнөх үеийн бүх мэдээллийг өөртөө агуулсан, энэ хэрээрээ шинэ зүйл огтоос бий болдоггүй биологийн биет болохыг гаргасан. Ийм санааг хөгжүүлэгчдийг Руссогийн үеэс нативист-преформизм гэж нэрлэх болжээ [1, p. 16].

Биогенетик онол бүрэлдэн тогтох анхны алхамыг хийсэн хүн бол Английн ургамал судлаач, хувьслын онолыг үндэслэгч Чарльз Дарвин болно. Тэрээр хөгжил буюу генезис тодорхой хууль, зүй тогтолд захирагдана гэж үзсэн. Цааш нь Америкийн нэр цолгорсон эрдэмтэн Стэнли Грэнвилл Холл уг онолыг хөгжүүлсэн. Гол санаа нь хүний хөгжлийн үйл явц нь тодорхой үе шат дамжин хэрэгжих эрэмбэлэгдсэн үйл явц бөгөөд генетик шинж чанартай болно. Өөрөөр хэлбэл, хүн хөгжих явцдаа хүний биологийн хувьслын үе бүхнийг богино хугацааны давтамжтайгаар туулдаг гэж үзнэ.

Хүний хөгжлийн дараагийн нэг томоохон онол нь сэтгэцийн задлан шинжилгээний онол юм. Сэтгэцийн задлан шинжилгээний онолыг анхлан хөгжүүлэгч нь Германы эрдэмтэн Зигмүнд Фройд болно. Тэрээр сэтгэцийн эмгэгт өвчний шинж, илрэн гарах байдал, үзүүлэх нөлөөлөлд олон жилийн туршид ажиглалт хийсний үр дүнд хүний мөн чанарыг ухамсарлагдаагүй, иррационал хүч болох хүсэл, зөн билэг, дадал зуршлаар дамжуулан тайлбарлахыг оролдсон. Өөрөөр хэлбэл, хүний хөгжил нь хүний ухамсарлагдаагүй хүсэл болон нинжин сэтгэлээр дарлагдсан хорио цээр хоёрын тэмцлийн үр дүн мөн гэж үзнэ.

Фройдын онолд бие хүний хөгжлийн үе шатын тухай асуудал томоохон байр суурь эзэлдэг. Нийт 5 үндсэн үе шат байхыг гаргасан.

Нэгдүгээрт, орал үе шат байна. 0-1.5 нас хүртэлх үеийг хамарна. Энэ үед зөвхөн хүсэл буюу Ида бий болно.

Хоёрдугаарт, анал үе гэж байна.1.5-3.5 сар хүртэл үргэлжилнэ. Энэ үеийн гол онцлог нь өөрийгөө ажиглах, ёс суртахууны талаас үнэлэлт өгөх механизм буюу Супэр Эго бий болно. Их төлөв эцэг, эх, тэдгээрийн үнэт зүйлээр дамжин илэрнэ.

Гуравдугаарт, фаллик үе шат гэж байна. Их төлөв 3.5-6 нас хүртэлх үеийг хамардаг. Эсрэг хүйстнээ сонирхох, үүнтэй холбоотойгоор Эдип болон Электра хам шинж бий болно.

Дөрөвдүгээрт, далд үе шат гэж байна. Их төлөв 6-12 насны хооронд бий болно. Хүйсийн сонирхол сарниж, хам шинжүүд зөрчигдөх байдал үүснэ. Томчуудын зүгээс ирэх аливаа санал, шүүмжийг няцаах, өөрийгөө бусдаас том болсон гэж үзэх, ёс суртахууны анхны үнэлэмж тогтох байдал бий болно. Гэхдээ энэ нь бэлгийн бойжилтоос ихээхэн хамаардаг. Хүйсийн сонирхлоос хөндийрч, либидо энерги нь юм үзэгдлийг танин мэдэх, ойлгох гэсэн өөр зүг рүү чиглэнэ. Илүү нийгмийн шинж чанарууд төлөвшиж эхэлнэ.

Тавдугаарт, гениталь үе шат гэж байна. 12-18 насны хооронд бий болно. Бэлгийн чиг хандлага бүрэн төлөвшин тогтоно. Бэлгийн эрчим хүч либидо идэвхжинэ. Спортоор хичээллэх, суралцахуйн үйлд амжилт олох байдал ажиглагдана. Энэ үе шатанд биохими болон бие физиологийн томоохон өөрчлөлт бий болно. Супэр эго болон нийгмийн хорио цээрийн нөлөөгөөр бэлгийн дур хүслээ хангаж чадахгүй хямралд орно. Эцэг эхээсээ бие даах, эдип хам шинжийг гэтлэн давах оролдлогууд үүснэ. Хэт түрэмгий болох, оюун санаа болон бие махбодын хувьд өөртөө хор хүргэх аутоагресс үүсэх, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Бэлгийн хамтрагчаа хоёр дахь удаагаа сонгох үйл явц эхэлнэ. Өөрөөр хэлбэл, охид, хөвгүүдийг сонирхох, тэдэнд татагдах байдал ажиглагдана. Гомосексуал болон нарциссист хандлага зарим талаар ажиглагдана.

Бие хүний хөгжлийн сэтгэцийн задлан шинжилгээний онолд Фройдоос гадна Эрих Фромм, Карэн Хорни, Гарри Салливана, Жак Лакан, Алфрэд Адлэр, Карл Юнг нарын хүмүүс томоохон хувь нэмэр оруулсан. Тус үзэл баримтлалын хүрээнд нийт 12 онол багтдаг байна.

Бие хүний хөгжлийн үйл явцыг судлахад томоохон байр суурь эзлэх өөр нэг онол нь Э. Эриксоны онол юм. Эриксон өмнө өгүүлсэн Фройдын үзэл санааг зарим байдлаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хүний хөгжил гэдэг нарийн төвөгтэй, эрэмбэ дараатай үйл явц болно. Гэхдээ ялгаатай нэг санааг гаргасан нь нийгэм-сэтгэл зүйн шинж чанарт онцгой ач холбогдол өгсөн. Түүний үзсэнээр, бие хүний хөгжил дараах найман үндсэн үе шатыг туулдаг байна. Эдгээрт итгэх, үл итгэх үе шат, бие даасан байдал-эргэлзээний үе шат, санаачлага-гэм буруутай үе шат, бүтээлч-үнэ цэн муутай үе шат, адилтгал-будлианы үе шат, хайр халамж-ганцаардлын үе шат, бүтээлч-зогсонги байдлын үе шат, амжилт-цөхрөлийн үе шат зэрэг болно.

Ж. Уотсоны бихевиорист онол

“Behavior-зан үйл гэсэн англи үгнээс гаралтай. Гол төлөөлөгчид Э. Торндайк, Ж. Уотсон, Б. Скиннер. Орчноос хүний зан үйлийг өдөөж буй өдөөгчийн үйлчилгээнээс түүнд үзүүлэх хариу үйлдэл шалтгаална. Бихевиорист онолд сонгодог нөхцөлдүүлэлт ба үйлдлийн нөхцөлдүүлэлт гэсэн үндсэн хоёр нөхцөлдүүлэлт бий. Сонгодог нөхцөлдүүлэлт нь амьтны зан үйл түлхцэд хариу үйлдэл үзүүлэх рефлекс юм. Сурахуйн нэг хэлбэр болсон сонгодог нөхцөлдүүлэлтийн онолыг олон эрдэмтэн тал бүрээс үндэслэсэн боловч Оросын эрдэмтэн И. П. Павловын нохой дээр хийсэн цуврал туршилт үүнийг тогтооход чухал үндэслэгээ болжээ. Э.Торндайк 1911 онд муурын чөлөөт зан үйлийг судалсан. Торндайкийн тодорхойлсон Дасгалын хууль, Үр нөлөөний хууль гэсэн сурахуйн хоёр гол зарчим байдаг. Эл хоёр хуулийн эхнийхийг ямар нэг үйлийг хичнээн олон давтвал ухамсарт төдий чинээ гүн бат үлдэнэ, дархаачийнхыг хэрэв түлхцэд үзүүлэх хариу үйлдлийг урамшуулалтай хавсарвал ухамсарт үүсэх холбоос илүү үр нөлөөтэй гэж томъёолж болно гэж үзжээ. Мөн түүний дэвшүүлж байсан нэг асуудал нь мэдлэгийг багшийн шууд удирдлаган дор олж авна, суралцагч мэдээллийг идэвхигүйгээр хүлээн авдаг гэж үзэж байжээ.

Сурагчийг шинэ орчинд дасан зохицоход нь сургах сургагчийн үүргийг багш гүйцэтгэнэ. Зан үйлийг тодорхой төлөвлөх, бэхлэх (урамшуулах), хориглох (саатуулах) тодорхой техник бүхий механик аргуудыг багш эзэмшсэн байх ёстой гэж энэхүү онол үздэг. Багш нь хүүхдийн оюун санааг дархан хүн мэт урлан бүтээнэ. Сургалтын дасан сурахуйн чиг хандлагууд нь зан үйлийн эерэг сайн хэлбэрийг хүүхдэд эзэмшүүлэхийн тулд дасгал давталтыг системтэй хийлгэх, урамшуулах, сөрөг хэлбэрүүдийг таслан зогсоохын тулд орчны нөлөөг багасгах, тэдгээрийн давтамж илэрлийн тоог цөөлөх, шийтгэх зэргээр ажиллахад багшийн үүрэг оршино гэж үздэг. Энэхүү онолын үүднээс мөн  хичээл сургалтын явцад багш хүүхдүүдийг эерэг зан үйл сургахын тулд ангийн сурагчдын санал бодлыг сонсож ангид баримтлах дүрэм зэргийг гаргуулах нь  хүүхдийг орчноос идэвхитэй өдөөж өгч буйн нэг жишээ хэмээн үзэж болно.

Энэ мэтчлэн олон онолыг дурдаж болох байна.

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Танин мэдэхүйн үе шатын, нийгэм-соёлын, биосоциал, экологийн онолуудыг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна.

Ашигласан эх сурвалж

[1]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.



 

No comments:

Post a Comment