Thursday, September 28, 2023

ЛЕКЦ 3. ХҮНИЙ ХӨГЖИЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

 Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Хүний хөгжил ба тогтвортой хөгжил” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн тухай асуудлыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үүднээс авч үзэж судлах болсон.

Ингэхэд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэж юуг хэлэх вэ?

Анхлан 1968 оны дөрөвдүгээр сард Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжлэх ухааны асуудал хариуцсан ерөнхий захирал Александр Кинг, Италийн үйлдвэр эрхлэгч Аурелио Печчеи нар хамтран хүн төрөлхтний техник-технологийн хөгжил, экологийн асуудлыг нийцтэй байдлаар шийдвэрлэх гарцыг эрж хайх явцдаа Ромын клуб нэртэй олон улсын сайн санааны байгууллагыг үүсгэн байгуулжээ. Уг байгууллагын томоохон зорилтын нэг нь хүн, байгалийн хоорондын зохистой харилцааг бий болгох, биосферийн хөгжлийн хандлагыг судлахад оршиж байв. Энэ хүрээнд 1972 онд “Хүн төрөлхтний асуудлууд” нэртэй шинжлэх ухааны төсөлт ажлын үр дүнгээ хэвлүүлсэн бөгөөд уг илтгэлдээ “өсөлтийн хязгаар” гэсэн ойлголтыг нэвтрүүлсэн байна.

Санаа нь хүн төрөлхтний эдийн засгийн болон хүн ам зүйн өсөлт, байгалийн нөөцийн хомсдол хоёрын дунд нэг нэгнээ үгүйсгэсэн эсрэг тэсрэг харилцаа бий болсныг онцлоод уг асуудлыг шийдвэрлэхгүй бол ирээдүйд томоохон сүйрэл үүсэж болохыг анхааруулсан байна. Энэ хүрээнд байгалийн нөөц ашиглалтад зохистой өсөлтийн хязгаарын онолыг боловсруулсан байна. Ромын Клубын гишүүд болох Донэлла Н. Мэдоус  (Donella N. Meadows), Дэннис л. Мэдоус (Dennis L. Medose), Йёргэн Рандэрс  (Jørgen Randers), Уильям У. Бэренс (William W. Berens) нар хүн төрөлхтний техник-технологийн боломж дэлхийн хүн амын өсөлт, аж үйлдвэржилт, хүрээлэн буй орчны бохирдол, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөцийн хомсдолд хүргэнэ гэсэн дүгнэлтэд хийхэд нөлөөлсөн.

Байгалийн нөөц баялагаа шавхах хүн төрөлхтний өсөлт биднийг хаашаа хөтлөх вэ? Мэдээж хэрэг, хариулт энгийн. Мөхөл, сүйрэл рүү. Одоо тэгвэл бид юу хийх ёстой вэ?

Дээрх асуултад хариулт эрэлхийлэх явцад тогтвортой хөгжлийн үзэл баримтлал боловсруулагдсан юм. Тогтвортой хөгжил гэдгийг бид ирээдүй үеийнхээ боломж, бололцоог хязгаарлахгүйгээр энэ үеийнхээ хэрэгцээг хангах үйл явц мөн гэж тодорхойлж болох юм.

1983 онд хуралдсан Брундтландын тайланд тогтвортой хөгжлийг эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, хүрээлэн буй орчны зохистой харилцаа мөн гэж тодорхойлсон байна. Үүнийг зургаар илэрхийлбэл дараах байдалтай байна (Зураг 1).

Тогтвортой хөгжил




НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийт 132 үзүүлэлтийн хүрээнд тогтвортой хөгжлийг үнэлнэ хэмээн заасан байдаг. Энэ нь орчин үед хүний хөгжлийг хэмжих үзүүлэлт гэж үнэлэгдэж байна. Үүнийг нийгмийн, эдийн засгийн, байгаль орчны гэх гурван томоохон айд хуваан авч үздэг байна.

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайлсан сэдвийн хүрээнд дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна [1].

Ашигласан эх сурвалж

[1]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

 

No comments:

Post a Comment