Sunday, October 22, 2023

ЛЕКЦ 8. САЙН ЗАСАГЛАЛ БА ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

 Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Сайн засаглал ба хувь хүний хөгжил” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Засаглалын үзэл баримтлалыг шинэчлэн тодорхойлоход НҮБ гол үүрэг гүйцэтгэсэн юм. НҮБ-ын албан ёсны баримт бичгүүдэд засаглалыг “ улс үндэстний ажил хэргийг жолоодох, улс төр, эдийн засаг, захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь иргэд, тэдний бүлгүүд ашиг сонирхол, өөр хоорондын ялгаатай байдлаа илэрхийлэх, хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх механизм, үйл явц, харилцаа, байгууллаас бүрдэнэ” гэж тодорхойлжээ”. Эндээс эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь зөвхөн төр биш, иргэдийн ашиг сонирхлоо илэрхийлэх, эрхээ хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд ихээхэн үүрэгтэй болох нь тодорхой байна. Засгийн газрын чиг үүрэг зөвхөн улс төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд бус, нийтийн зорилт, зорилгыг биелүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай үр нөлөөтэй хамтран ажиллах явдал болж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “сайн засаглал” –ын шинж байдлыг иргэдийн өргөн оролцоог хангах, хууль дээдлэх ёсонд үндэслэн шийдвэр гаргах, засгийн газрын үйл ажиллагаа ил тод явагдах, иргэдийн хэрэгцээ, сонирхлыг мэдрэх, бүх иргэдэд тэгш хандах, төрийн сангийн эх үүсвэрийг үр ашигта, үр нөлөөтэй зарцуулах, улс төрийн хариуцлагатай байх, хөгжлийн төлөвлөлтөд алсын хараатай хандах явдал хэмээн тодорхойлсон  байна.

НҮБХХ: Сайн засаглалын шинж байдал

1.      Оролцоо- эрэгтэй, эмэгтэй бүх хүн шууд буюу тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах хууль ёсны төлөөллөөрөө дамжуулан шийдвэр гаргахад санал бодлоо илэрхийлэн оролцох. Энэхүү өргөн оролцоо нь эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх, санал бодлоо ойлгомжтой, итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх чадавхиар  дамжин хэрэгжинэ.

2.      Хууль дээдлэх ёс- эрх зүйн хүрээнд шударга байдлыг нэвтрүүлэх, ялангуяа хүний эрхтэй холбоотой хууль эрхийн актуудыг шударга, алагчлалгүй хэрэгжүүлэх

3.      Ил тод байдал- ил тод байдал мэдээллийн чөлөөт урсгал дээр үндэслэнэ. Үйл ажиллагаа, тогтолцоо, мэдээлэл нь холбогдох хүмүүст нээлттэй, ойлгомжтой байх, хяналт тавихад хангалттай мэдээллээр хангах

4.      Хөнгөн шуурхай байх- байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа сонирхогч бүх талуудад саадгүй үйлчлэхэд чиглэсэн байх

5.      Зөвшилцөлд тулгуурлаж ажиллах- олон ашиг сонирхлын дундаас тухайн бүлгийн хувьд хамгийн ашиг тустай шийдвэр гаргах өргөн зөвшилцөл бий болгох

6.      Тэгш байдал- эрэгтэй, эмэгтэй бүх хүн аж ахуй эрхлэх, аж амьдралаа сайжруулах тэгш боломжоор хангагдсан байх

7.      Үр нөлөө, үр ашиг- үйл ажиллагаа, байгуулал нь эх үүсвэрийг хамгийн оновчтой зарцуулж, хэрэгцээг хангасан үр дүнд хүрсэн байх

8.      Хариуцлага- засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд гаргасан шийдвэрийнхээ төлөө олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг байх

9.      Алсын хараа- удирдагчид, иргэдийн аль аль нь сайн засаглал, хүний хөгжлийн хэтийн төлөвийг харж чаддаг, ийм хөгжилд хүрэхэд юу шаардлагатай байгааг ойлгодог, энэхүү хэтийн төлөвийг бүрдүүлдэг түүх, соёл, нийгмийн хүчин зүйлсийн талаар сайтар ойлголттой байх.

НҮБ-ын үзэл баримтлал нь засгийн газруудаас сайн засаглалын шинж байдалд нийцүүлэн, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг засаглалын бусад байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах чадавхи бий болгохын тулд төрийн захиргааны албадаа өөрчлөн шинэчлэх чиглэлийг тодорхойлж өгсөн юм.

Төр, засгийн үр ашигтай удирдлага, бизнесийн амжилт, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөтэй байдлыг тодорхойлж бичсэн зохиол бүтээл олноор гарсан боловч сайн засаглалын шинж байдлыг нийгмийн утгаар бүрэн дүүрэн тайлбарласан нь ховор байсаар байна [1] [2].

Орчин үед хувь хүний хөгжлийн тухай асуудлыг сайн засаглалын үүднээс авч үзэж тайлбарлах болсон байна. Үүний нэг томоохон жишээ нь Монгол улсын засгийн газраас 2050-Алсын хараа нэрт бодлогын баримт бичгийг батлан гаргасан явдал юм. Уг баримт бичиг нь хүний хөгжил, сайн засаглал хоёрыг зохистойгоор цогц байдлаар авч үзсэн гол эрх зүйн зохицуулалт болно [3]. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт сайн засаглалыг хүний хөгжилтэй уялдуулан ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим монгол, чадварлаг, ёс зүйтэй төрийн алба, хүний эрхийг дээдэлсэн нийгэм, авлигагүй засаглал гэх 6-н үндсэн бүтцийн хүрээн авч үзсэн байна.

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна. 

Эх сурвалж

[1]

Е. Е. Лялина , “Понятие карьеры и карьерного роста персонала предприятия,” Современные наукоемкие технологии, Ботиуд. %2-ын %1№10-2, pp. 271-272, 2013.

[2]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

[3]

МУ-ын Засгийн газар, Алсын хараа 2050, Улаанбаатар хот : УИХ-ын хэвлэх үйлдвэр, 2019.

 

No comments:

Post a Comment