Thursday, September 28, 2023

ЛЕКЦ 5. ЖЭНДЕР БА ХҮНИЙ ХӨГЖИЛ


Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Жэндер ба хүний хөгжил” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Орчин үед хүний хөгжлийн тухай асуудлыг авч үзэхтэй холбоотойгоор гарч ирэх өөр нэг асуудал жендер юм. Анхлан “Жендер” гэх ойлголтыг Америкийн сэтгэл зүйч, Жон Хопкинс Их Сургуулийн профессор Жон Мани 1955 онд нийтлүүлсэн бүтээлдээ хэрэглэсэн байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс, түүний нийгмийн шинж чанарыг тодорхойлох үүднээс ашигласан байдаг. Өнөөдөр хүйсийн тэгш эрхийн тухай асуудлыг уг ойлголтоор дамжуулан илэрхийлдэг байна. Хүйс гэдэгт зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ойлгох нь хоцрогдсон бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар 46-78 хүйс байгааг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр хүйсийн тэгш эрхийн тухай асуудлыг жендер гэх ойлголтоор дамжулан илэрхийлдэг гэсэн үг юм. УИХ-аас 2011 оны хоёрдугаар сарын 2ны өдөр баталсан “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн 4.1.1-т жендер гэдгийг “улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг” хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг.

Улмаар жендерийн эрх тэгш байдалд дараах зарчмыг баримтална хэмээн заасан. Үүнд:

1.      Жендерийн  тэгш эрхийн зарчим: эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах;

2.      Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим: эрэгтэй, эмэгтэй хүн бүр нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсролын ялгаа зэргийг үл харгалзан ялгаварлан гадуурхалт, хязгаарлалтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг эдлэх;

3.      Төрийн хариуцлагын зарчим: төр эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш байдлыг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжоор ногдуулсан үүргээ биелүүлэх, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх;

4.      Жендерийн мэдрэмжтэй бодлогын зарчим: хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөлд жендерийн  үзэл баримтлалыг тусгах замаар хөгжлийн бодлогыг жендерийн  агуулгатай болгох;

5.      Жендерийн мэдээлэл хүртээмжтэй байх зарчим: хүйсээр ангилсан албан ёсны статистикийн болон бусад мэдээллийн ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах.

Тус хуулийн үндсэн санаа нь жендерийн эрх тэгш байдал хангагдсан үед хүний хөгжлийн тухай ярьж болно гэж үзсэнд оршино. Гэвч Монгол улсад жендерийн эрх тэгш байдал бүрэн утгаараа хангагдаж чадахгүй байна. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг өсөн нэмэгдэхийн зэрэгцээ эрэгтэй хүмүүсийн нийгмийн байр суурь хариулт эрэлхийлсэн хурц асуудлыг нэг болж байна. Үүний зэрэгцээ, эмэгтэйчүүд нийгмийн гол хөдөлгөгч хүч болж байгаа ч удирдлагын түвшинд, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо харьцангуй сул байгааг сүүлийн үеийн судалгаануудад дурдах болсон.

Ажил эрхэлж байгаа, тэрчлэн сурч байгаа нийт хүн амын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь тасралтгүй нэмэгдэж байна. Нөгөө талаас, үүнийг дагаад өрх толгойлсон, эсвэл гадаад хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай болж байгааг онцлох байна. Энэ нь цаад мөн чанартаа Монголд хүйсийн эрх тэгш байдал хангагдаж чадахгүй байгаагийн илрэл юм [1].

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна.  

Ашигласан эх сурвалж

[1]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

 

 

No comments:

Post a Comment