Saturday, December 9, 2023

ЛЕКЦ 11. АЛБАН ХАРИЛЦАА БА ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ

 

Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн мэндийг уламжилья. Энэ удаагийн лекц “Албан харилцаа ба имиж бүрдүүлэлт” сэдвийн хүрээнд өрнөх болно. Та бүхэн таалан болгооно уу.

Хүн хоорондын харилцааг дараах төрөлд ангилдаг. Үүнд:

1.      Албан ёсны болон албан бус:

2.      Ажил хэргийн болон хувийн:

3.      Рационал болон сэтгэл зүйн:

4.      Захирах тушаах болон хамтран ажиллах харилцаа гэж хуваадаг.

Одоо эдгээрийг дэлгэрүүлэн авч үзье. Хууль тогтоомж, дүрэм журам дээр тулгуурласан бөгөөд албан тушаалын хүрээнд үүсэж буй харилцааг албан ёсны харилцаа гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, эрх зүйд тулгуурлан үүсэх харилцааг албан ёсны харилцаа гэнэ. Энэ харилцаа давамгайлсан үед хүмүүс танил тал, үзэл бодлын ойр байдалд бус, гагцхүү албан тушаал, эрх, үүргийн хуваарилалтын дагуу хоорондоо харилцдаг онцлогтой.  Ажлын хүрээнд, бизнесийн үйл ажиллагаа, төрийн алба гэх мэт албан ёсны бүтцийн хүрээнд үүсдэг. Харилцан нэг нэгнээ хүндэтгэх, үүрэг хүлээх, тодорхой байх гэх мэт тодорхой дүрэм журам, хэм хэмжээг оролцогч бүрээс шаарддаг онцлогтой.

Сэтгэл хөдлөл, тодорхой мэдрэмж илэрхийлэх зэрэг бараг шаардлагагүй. Харин нэг нэгнээ хүндэтгэж, нээлттэй харилцаг байх нь албан харилцааны онцлог болно. Харилцаанд оролцогчоо хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн үзэл бодол, байр сууриа тодорхойлж ойлгуулах нь энэ төрлийн харилцаа амжилт олоход ихээхэн нөлөөлдөг байна. Тэрчлэн аль болох итгэл төрүүлж, хамтран ажиллах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага урган гарна. Үүнд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг хүчин зүйл нь имиж бүрдүүлэлт болно.

Таны гадаад төрх бол үг хэлэх шаардлагагүйгээр өөрийгөө хэн бэ гэдгийг бусдад илэрхийлэх алтан боломж. Бүрдүүлсэн имиж тань бусдын өмнө таны түүхийг хүүрнэн, анхны сэтгэгдэл үлдээж, түүгээр ч зогсохгүй ярианд тань итгэх эсэхийг шийдэх чухал үзүүлэлт болдог. Товчхондоо, имиж бол анхны сэтгэгдэлд анхлан нөлөөлдөг хүчин зүйл юм. Имиж бүрдүүлэлтэд дараах дөрвөн хүчин зүйл нөлөөлөл үзүүлдэг. Үүнд:

1.      Хүрээллийн хүчин зүйлс: Хүрээллийн хүчин зүйлд унаа, байр, ажлын өрөө хэрэглэж буй гар утас, үзэг зэрэг багтдаг.

2.      Габитор буюу гадаад хүчин зүйлс: Хувцаслалт, гадаад үзэмж нь хувь хүний царай төрхийг илэрхийлдэг. 

3.      Вербал буюу ярих чадвар: Тухайн хүний яриа хоолойны өнгө, үгийн сонголт нь имиж бүрдүүлэхэд чухал хүчин зүйлсд тооцогддог.

4.      Кинетик хүчин зүйл: Хүний алхаа, гишгилт, хувцаслалт, гарын байрлал, нүүрний хувирал гэх мэтийг хамруулан ойлгодог байна.

No comments:

Post a Comment