Monday, October 9, 2023

ЛЕКЦ 6. КАРЬЕР МЕНЕЖМЕНТ БА ХҮНИЙ ХӨГЖИЛ

 


Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Карьер менежмент ба хүний хөгжил” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Юуны түрүүнд, карьер гэх үгийг утгыг тайлах хэрэгтэй болов уу. Карьер гэсэн үг нь хожуу латин хэлний carrus буюу тэрэг, тэргэнцэр, латин хэлний carriera буюу амьдралын зам, талбай, франц хэлний carriére буюу морин тойруулгын уралдаанд түрүүлэгч гэсэн утгыг тус тус илэрхийлдэг байна. 1899-1902 онуудад нитлэгдсэн «Брокгауз, Ефроны бага нэвтэрхий толь бичиг»-т “ажил, амьдралын талбарт ажилт олох үйл явц мөн” гэж тодорхойлсон байдаг.

Орчин үед карьер гэх ойлголт нь

1.      Үйл ажиллагааны тодорхой хүрээнд ажил эрхлэх:

2.      Алдар нэр, ашиг тус хүртэх:

3.      Ажил, үйл эрхлэх гэсэн утгыг илэрхийлэх болсон.

Олон хүн карьер хийх,  карьер төлөвлөх зэрэг ойлголтыг өөрөөсөө хол хөндий мэтээр хүлээн авдаг. Зөвхөн томоохон албан тушаалтай хүмүүст л карьерын асуудал хамаатай мэт бодох нь ч бий. Эсвэл албан тушаал ахих, нэр төр хөөцөлдөх гэх зэргээр ойлгодог. Гэтэл эсрэгээрээ карьер гэдэг хүн бүрт хамаатай бөгөөд карьер хөгжил бол хувь хүний хөгжлийн цэг юм.

Ажил мэргэжил, сонирхол, хобби, спорт, сурч боловсрох зэрэг амьдралын бүхий л талбар карьертай холбогддог. Карьерыг өөрийнхөө зогсож буй цэгийг тодорхойлж, хаана байгаагаа үнэлэх, цаашид хаана байхыг хүсэж буйгаа шийдэх, түүндээ хүрэхийн тулд хийж буй өөрчлөлтийн алхмууд гэж товчоор тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, карьераа төлөвлөхөөс өмнө өөрийгөө сайтар танин мэдэж чадвал тэр хэрээрээ илүү үр дүнтэй төлөвлөгөө боловсруулж чадна. 

Өргөн утгаар нь бид карьерыг амьдралын бүхий л хүрээнд хүн хөгжих эрэмбэ дараатай үе шат мөн гэж тодорхойлж болох юм. Харин эсрэгээр, явцуу хүрээнд авч үзвэл, хөдөлмөрийн бүтээлч үйл ажиллагаатай холбон тайлбарлаж болох байна. Энэ талаас авч үзвэл карьер гэдэг нь ажилтны үйл ажиллагаатай холбоотойгоор шагнал урамшууллын хэмжээ, мэргэших боломж бололцоо, мэдлэг, яадварын өөрчлөлт, мэргэжлийн өсөлт, албан тушаал ахих үйл явцыг илэрхийлсэн ойлголт болно. Карьер нь нийгэм, байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн ямар нэгэн үнэт зүйлийг өөртөө төлөвшүүлэх үйл явц болно.

Карьерыг янз бүрийн шинжээр ангилан авч үзэж болох байна. Тухайлбал, мэргэжлийн карьер, байгууллага доторх карьер, босоо карьер, хэвтээ карьер гэх зэргээр ангилж тодорхойлон авч үзэж болох байна  [1].

Лекцийн үндсэн үзэл санаа нь ямар ч хүн ажил мэргэжлийн хувьд хэр өсөж хөгжиж чадна, тэр хэрээрээ хөгжлийг хэмжих чухал үзүүлэлт болдог байна. Иймд хэн ч байсан аливаа хүнд карьер менежментийн асуудал чухал байдаг гэсэн санааг гаргаж болохоор байна [2].

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна.  

Эх сурвалж

[1]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

[2]

Е. Е. Лялина , "Понятие карьеры и карьерного роста персонала предприятия," Современные наукоемкие технологии, Vols. №10-2, pp. 271-272, 2013.

 

 

 

 

No comments:

Post a Comment