Sunday, October 29, 2023

ЛЕКЦ 10. ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРТ СУРАЛЦАХУЙ

 Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Харилцааны ур чадварт суралцахуй” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Харилцааны ур чадварын гол утга учир нь бусдыг сайн сонсож, мөн сайн ярьж чаддаг байхад оршино. Харамсалтай нь хүмүүс тухайн нөхцөл байдалд зохицсон яриа өрнүүлэх чадвар дээрээ тэр бүр анхаараад байдаггүй.

Америкийн үргэлжилсэн үгийн зохиолч Венделл Холмз бичихдээ “Ярих гэдэг бол хамгийн уран нарийн, хамгийн чухал, мөн хамгийн хэцүү урлагуудын нэг мөн” гэсэн байдаг. Харилцаа холбоондоо дэвшилт гаргахыг хүсвэл яриагаа хэт сунжруулалгүй, идэвхтэйгээр өрнүүлэхэд тань туслах болов уу гээд дараах зөвлөгөөг хүргэж байна.

•Товчхон ярих:

Урт удаан сунжирсан яриагаар хүмүүсийг залхаах хэрэггүй. Өөрийн хэлэх гэсэн зүйлээ хурдан, товчхон хэлж гол утгаа илэрхийлж сурахаас гадна хэлэх гэсэн зүйлээ хэлэх гэсэн боломжийг бусдад олго.

•Яриаг чинь сонсож байгаа хүмүүсийг сайн мэдэр:

Сонсогчдыг сэргээх үүднээс өөрийн богинохон ярианд ч гэсэн оролцуулж идэвхтэй байлга. Мөн тухайн хүмүүс танд ердөө л найрсаг хандахыг хичээж байна уу эсвэл яриаг чинь үнэхээр шимтэн сонсож байна уу гэдгийг ялгаж салга. Сонсогчдын чинь сэтгэл хөөрсөн мэт байдал ажиглагдвал тэд таны яриаг үнэн хэрэгтээ сонсохгүй байгаагийн илрэл. Энэ үед яриагаа зогсоож бусдыг сонсож эхлээрэй.

•Нааштай зүйлсийн талаар ярих:

Яриа өрнүүлэх сонирхолтой сэдвүүдийг олж авахын тулд та суралцаж, туршлага хуримтлуулж болно шүү дээ. Өөрийн мэдлэгийн цар хүрээг өдрөөс өдөрт, сараас сард нэмэгдүүлэн хуримтлуулж чадвал таны ярианы сэдэв хэзээ ч дуусахгүй дороосоо ундран гарсаар байх болно. Өдөр тутмын чанартай сонингуудаас байнга авч уншиж байхад гэмгүй.

•Хэлэх гэсэн зүйлээ ойлгуулах чадварт суралцах:

Яриандаа алиа марзан, үнэмшилтэй байдал болон сэтгэл хөдлөлийг оролцуулж сурах. Өөрөөр хэлвэл хөгжилтэй, өнгөлөг, шинэхэн, амьд яриа өрнүүлж сурах. Яриаг сайн өрнүүлж хөгжилтэй байлгахад ярианы чинь гол сэдвээс илүү таны хэрхэн ярьж байгаа байдал чухал байдаг байна. Сайн ярьж чаддаг хүн бол хамгийн уйтгартай сэдвээр ч яриа өрнүүлж, түүнийгээ хүмүүст хүргэж чаддаг.

•Хэлэх хэлэхгүй зүйлээ сэдэж байх:

Яриагаа амьд өрнөлтэй байлгахын тулд бид заримдаа аль нь үнэн вэ, аль нь илүү ашигтай вэ, алийг нь хэлэхгүй үлдээсэн нь дээр вэ гэх мэт асуултуудад хариулт олж сурах хэрэгтэй байх нь. Тухайн мөчид аль сонголтыг хийх вэ гэдэг хамгийн чухал. •Сэтгэл хөдлөлийн хүчийг ашиглах:

Багахан хэмжээний яриа өрнүүлэхдээ ч гэсэн яриагаа сэтгэл хөдлөлөөр чимж байх. Хүмүүс таны юу мэдэж байгааг чинь биш харин таны сэтгэлд ямархуу байгаа талаар илүү их анхаарч ярианд чинь татагдах болно. Тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлтэйгээр хэлэх зүйлээ илэрхийлж чадсан байхад үр дүн нь дороо л харагдана.

•Дуу хоолойныхоо өнгийг тохируулах:

Хүмүүсийн хоорондын харилцааны талаарх судалгааны дүнгүүдээс харахад дуу хоолойны өнгө тухайн ярьж байгаа зүйлийн утга агуулгаас ч илүүтэй их нөлөөлөл үзүүлдэг байна. Сонсож байгаа хүмүүсийнхээ анхаарлыг алдахгүй байхын тулд та дууныхаа өндөр нам, чанга сулд анхаараад зогсохгүй ярианы хурд, хэмнэлээ ч тохируулах нь. Намуун тааламжтай өнгөөр яриагаа өрнүүлвэл ямар ч хүн ярианд чинь өөрийн эрхгүй татагдах болно.

•Харилцан ярианы дайсан болсон зүйлсээс болгоомжил:

Хэрэв та харилцан яриагаа амьд, өрнөлттэй байлгахыг хүсвэл бусдыг шүүмжилж, гомдоллож, доромжилж, маргаж, саад болж, эсэргүүцэж, бусдын яриаг шууд тасалж, доош нь хийсэн утгатай, өөрийн үзлийг тулгасан эсвэл тэнэг сэдвээр үргэлжлүүлэн яриад байсны хэрэггүй. Өөрөөр хэлвэл харилцан тал зассан байдал үүсгэхийг хичээхээс биш зөрчилдсөн байдлыг үүсгэж болохгүй. Улс төр гэх мэт чухал сэдвээр өрнүүлэх халуун маргаанаа дараа үргэлжлүүлсэн нь дээр.

•Төвөгтэй санагдахуйц үг яриа буюу дадал зуршлаа хаях:

Зарим санаанд оромгүй зүйлс ч хүмүүсийг үргээхэд хангалттай байдаг.Тухайн хүний хэлж байгааг үгүйсгэсэн мэтээр нүдээ эргэлдүүлэх буюу ” Тэгсэн гэсэн мэдсэн ” гэх мэт хэлц үгийг байнга хэрэглэх нь маш уршигтай гэдгийг санахад илүүдэхгүй. •Хөгжилтэй бай:

Та бусдыг инээлгэж, хөгжөөн сэргээж чадах юм бол бараг шууд л найз нь болж байгаа хэрэг. Олонх хүмүүс ерөнхийдөө бага зэрэг сэрэмжилсэн, хашир байдалтай байдаг. Та тэрхүү хашир байдлыг нь өөрчилж, итгэл үнэмшил төрүүлэн улмаар хөгжилтэй наргианч зангаараа сэргээж чадвал тухайн хүн та хоёрын харьцаа харилцан найр тавих, аятайхан шатандаа орж байгаа нь тэр. Гэхдээ наргианыхаа хэмжээг ихдүүлж болохгүй.

•Найрсаг магтаалын үгээр хөөргө:

Хүний сэтгэлийг хөдөлгөх хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг бол цагаа олсон, ухаалаг магтаалын үг хэлэх юм. Түүний үнэнч шудрага, халамжтай зан чанар бас зангиа цамц гэх мэт өмссөн зүүснээ сайхан тохируулсныг нь хэлж өгөхөд гэмгүй. Германы нэгэн зүйр цэцэн үгэнд “Дадлага туршлага мастерыг бий болгоно” гэсэн байдаг. Та одоогйин байдлаар харилцан яриа өрнүүлэх тал дээр хичнээн их ур чадвартай байлаа ч гэсэн харилцан яриа өрнүүлэх тал дээр мастер болох үндсэн зорилго тавин ажиллаж, бодит ажьдрал дээр дадлага туршлага хийж чадах юм бол бусадтай харилцах тал дээр илүү их амжилт олох болно.

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна. 

Эх сурвалж

[1]

Е. Е. Лялина , “Понятие карьеры и карьерного роста персонала предприятия,” Современные наукоемкие технологии, Ботиуд. %2-ын %1№10-2, pp. 271-272, 2013.

[2]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

[3]

МУ-ын Засгийн газар, Алсын хараа 2050, Улаанбаатар хот : УИХ-ын хэвлэх үйлдвэр, 2019.

 

 

Sunday, October 22, 2023

ЛЕКЦ 9. ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙ БА БИЕЭ АВЧ ЯВАХ СОЁЛ

 Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Харилцааны ёс зүй ба биеэ авч явах соёл” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Бид өдөр тутамдаа нийгмийн харилцаанд орж байдаг.  Тэгвэл соёлтой харилцааг үүсгэж чаддаг болов уу.  Ингэхэд харилцааны соёл гэж юуг хэлэх вэ, хүн нийгмийн харилцаанд хэрхэн биеэ авч явах ёстой вэ?

Харилцааны соёл гэж юуг хэлэх ойлгох тухайд судлаачид харилцан адилгүй байр суурь баримталдаг. Харилцааны соёл гэдэг нь юуны өмнө, санаа бодол, мэдлэг туршлага, соёлын солилцоо буюу хүмүүсийн хоорондын үйлдлийн тодорхой илрэл юм. Харилцааны соёл нь хүмүүс хоорондын дээр үеэс уламжлагдан ирсэн бие биетэйгээ ойлголцох үндсэн хэрэглэгдэхүүний боловсон хэлбэр болно. Харилцааны соёл хүний эзэмшвэл зохих, олон талаар ашиг тусаа хүртээгч зүйл боловч хүмүүжлээс ихээхэн хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, та ямар орчинд өссөн, хүмүүжсэн гэдэг харилцааны соёлд ихээхэн нөлөөлөл болж өгдөг. Иймээс хүмүүжлээр дамжуулан харилцааны зөв дадгал, чадвар суулгах нь хүний хөгжлийн чухал үзүүлэлт болдог байна.

Харилцааны хувьд доголдолтой, хувь хүний хөгжил талаас асуудалтай, нийгмийн өмнө ямар нэгэн буруу үйлдэл хийж, түүнийхээ хариуцлагыг хүлээх хувь хүн хүмүүжлийн доголдлоос үүдэлтэй гэдгийг олон хүмүүс тодорхойлон бичсэн байдаг. Ингэхлээр, эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэг нарын дор зөв хүмүүжил олгох нь харилцааны соёл төлөвших, цаашлаад тухай хүний биеэ авч явах байдалд ихээхэн нөлөөлөл үзүүлдэг байна.

Орчин үед харилцааны ёс зүйг хүний хөгжлийн хүрсэн түвшин гэж ойлгох явдал түгээмэл байна. Энэ нь ч тодорхой учир шалтгаантай. Учир нь хувь хүн хөгжиж байж сая харилцааны соёл, ёс зүй төлөвшинө. Хэрэв тухайн хүн нийгмийн талаасаа хөгжиж чадаагүй бол харилцааны соёл, ёс зүй төлөвшсөн байх ямар ч бололцоогүй юм.

Аз жаргал өөрөө ирдэггүй. Та түүнийг бий болгох шаардлагатай. Сайхан сэтгэл зардаг дэлгүүр гэж хаана ч байдаггүй. Хэрэв танд нийгмийн харилцааны зөв дадгал төлөвшиж чадваас амьдралд тань олон асуудал тулгарах ч та түүнийг хялбархан даван туулж чадна.

Бусдыг хүндэтгэх үзэл санаа, сэтгэл ямагт хариу сайн сайхан байдлыг бий болгож байдаг.

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна. 

Эх сурвалж

[1]

Е. Е. Лялина , “Понятие карьеры и карьерного роста персонала предприятия,” Современные наукоемкие технологии, Ботиуд. %2-ын %1№10-2, pp. 271-272, 2013.

[2]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

[3]

МУ-ын Засгийн газар, Алсын хараа 2050, Улаанбаатар хот : УИХ-ын хэвлэх үйлдвэр, 2019.

 

 

ЛЕКЦ 8. САЙН ЗАСАГЛАЛ БА ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

 Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Сайн засаглал ба хувь хүний хөгжил” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Засаглалын үзэл баримтлалыг шинэчлэн тодорхойлоход НҮБ гол үүрэг гүйцэтгэсэн юм. НҮБ-ын албан ёсны баримт бичгүүдэд засаглалыг “ улс үндэстний ажил хэргийг жолоодох, улс төр, эдийн засаг, захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь иргэд, тэдний бүлгүүд ашиг сонирхол, өөр хоорондын ялгаатай байдлаа илэрхийлэх, хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх механизм, үйл явц, харилцаа, байгууллаас бүрдэнэ” гэж тодорхойлжээ”. Эндээс эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь зөвхөн төр биш, иргэдийн ашиг сонирхлоо илэрхийлэх, эрхээ хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд ихээхэн үүрэгтэй болох нь тодорхой байна. Засгийн газрын чиг үүрэг зөвхөн улс төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд бус, нийтийн зорилт, зорилгыг биелүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай үр нөлөөтэй хамтран ажиллах явдал болж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “сайн засаглал” –ын шинж байдлыг иргэдийн өргөн оролцоог хангах, хууль дээдлэх ёсонд үндэслэн шийдвэр гаргах, засгийн газрын үйл ажиллагаа ил тод явагдах, иргэдийн хэрэгцээ, сонирхлыг мэдрэх, бүх иргэдэд тэгш хандах, төрийн сангийн эх үүсвэрийг үр ашигта, үр нөлөөтэй зарцуулах, улс төрийн хариуцлагатай байх, хөгжлийн төлөвлөлтөд алсын хараатай хандах явдал хэмээн тодорхойлсон  байна.

НҮБХХ: Сайн засаглалын шинж байдал

1.      Оролцоо- эрэгтэй, эмэгтэй бүх хүн шууд буюу тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах хууль ёсны төлөөллөөрөө дамжуулан шийдвэр гаргахад санал бодлоо илэрхийлэн оролцох. Энэхүү өргөн оролцоо нь эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх, санал бодлоо ойлгомжтой, итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх чадавхиар  дамжин хэрэгжинэ.

2.      Хууль дээдлэх ёс- эрх зүйн хүрээнд шударга байдлыг нэвтрүүлэх, ялангуяа хүний эрхтэй холбоотой хууль эрхийн актуудыг шударга, алагчлалгүй хэрэгжүүлэх

3.      Ил тод байдал- ил тод байдал мэдээллийн чөлөөт урсгал дээр үндэслэнэ. Үйл ажиллагаа, тогтолцоо, мэдээлэл нь холбогдох хүмүүст нээлттэй, ойлгомжтой байх, хяналт тавихад хангалттай мэдээллээр хангах

4.      Хөнгөн шуурхай байх- байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа сонирхогч бүх талуудад саадгүй үйлчлэхэд чиглэсэн байх

5.      Зөвшилцөлд тулгуурлаж ажиллах- олон ашиг сонирхлын дундаас тухайн бүлгийн хувьд хамгийн ашиг тустай шийдвэр гаргах өргөн зөвшилцөл бий болгох

6.      Тэгш байдал- эрэгтэй, эмэгтэй бүх хүн аж ахуй эрхлэх, аж амьдралаа сайжруулах тэгш боломжоор хангагдсан байх

7.      Үр нөлөө, үр ашиг- үйл ажиллагаа, байгуулал нь эх үүсвэрийг хамгийн оновчтой зарцуулж, хэрэгцээг хангасан үр дүнд хүрсэн байх

8.      Хариуцлага- засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын удирдлагууд гаргасан шийдвэрийнхээ төлөө олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг байх

9.      Алсын хараа- удирдагчид, иргэдийн аль аль нь сайн засаглал, хүний хөгжлийн хэтийн төлөвийг харж чаддаг, ийм хөгжилд хүрэхэд юу шаардлагатай байгааг ойлгодог, энэхүү хэтийн төлөвийг бүрдүүлдэг түүх, соёл, нийгмийн хүчин зүйлсийн талаар сайтар ойлголттой байх.

НҮБ-ын үзэл баримтлал нь засгийн газруудаас сайн засаглалын шинж байдалд нийцүүлэн, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг засаглалын бусад байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах чадавхи бий болгохын тулд төрийн захиргааны албадаа өөрчлөн шинэчлэх чиглэлийг тодорхойлж өгсөн юм.

Төр, засгийн үр ашигтай удирдлага, бизнесийн амжилт, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөтэй байдлыг тодорхойлж бичсэн зохиол бүтээл олноор гарсан боловч сайн засаглалын шинж байдлыг нийгмийн утгаар бүрэн дүүрэн тайлбарласан нь ховор байсаар байна [1] [2].

Орчин үед хувь хүний хөгжлийн тухай асуудлыг сайн засаглалын үүднээс авч үзэж тайлбарлах болсон байна. Үүний нэг томоохон жишээ нь Монгол улсын засгийн газраас 2050-Алсын хараа нэрт бодлогын баримт бичгийг батлан гаргасан явдал юм. Уг баримт бичиг нь хүний хөгжил, сайн засаглал хоёрыг зохистойгоор цогц байдлаар авч үзсэн гол эрх зүйн зохицуулалт болно [3]. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт сайн засаглалыг хүний хөгжилтэй уялдуулан ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим монгол, чадварлаг, ёс зүйтэй төрийн алба, хүний эрхийг дээдэлсэн нийгэм, авлигагүй засаглал гэх 6-н үндсэн бүтцийн хүрээн авч үзсэн байна.

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна. 

Эх сурвалж

[1]

Е. Е. Лялина , “Понятие карьеры и карьерного роста персонала предприятия,” Современные наукоемкие технологии, Ботиуд. %2-ын %1№10-2, pp. 271-272, 2013.

[2]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

[3]

МУ-ын Засгийн газар, Алсын хараа 2050, Улаанбаатар хот : УИХ-ын хэвлэх үйлдвэр, 2019.

 

Monday, October 9, 2023

ЛЕКЦ 7. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ БА ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

 Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хувь хүний хөгжил” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Техник, технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө үед эрүүл, мэнд, түүний хүртээмжийн асуудал хүний хөгжлийг тодорхойлох чухал хэмжүүр болж хувирсан байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай ойлголт бий болдог байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж юуг хэлэх вэ?

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж юуг хэлэх тухайд судлаачид харилцан адилгүй санал дэвшүүлсэн байдаг. Нийтдээ 100 гаруй тодорхойлолт бий болсон байна. Эдгээрийн заримыг дараах хүснэгтэд харуулсан болно.

Хүснэгт 1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын ойлголт

Эх сурвалж

Тодорхойлолт

1

Филипп Кросби

Чанар гэдэг“Тэг гологдол”, шаардлагад нийцэх

2

А. Донабедиан (1980)

Тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад гарах эерэг болон сул талуудыг тэнцвэржүүлсний дүнд өвчтөний сайн сайхан байдлыг боломжит дээд түвшинд хүргэж чадах тусламж үйлчилгээг Чанартай гэнэ.

3

АНУ-ын Анагаах ухааны хүрээлэн (1990)

Тусламж,үйлчилгээний чанар гэж хувь хүн, хүн амд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн хүсэн хүлээсэн үр дүнд хүрэх магадлалыг хэр нэмэгдүүлж, шинжлэх ухааны орчин үеийн түвшинд хэр нийцэж байгааг илэрхийлэх ухагдахуун юм.

4

Их Британийн Эрүүл мэндийн газар (1997)

Тусламж, үйлчилгээний чанар гэж

ü  Зөв зүйлийг

ü  Зөв хүнд нь

ü  Зөв цагт нь

ü  Анхнаасаа зөв хийхийг хэлнэ.

5

ДЭМБ (2000)

Тусламж, үйлчилгээний чанар гэдэг нь хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах, тусламж, үйлчилгээг тэдний хууль ёсны хэрэгцээнд нийцүүлэх эрүүл мэндийн тогтолцооны үндсэн зорилго юм.

 

Монгол улсын одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид “өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг” эрүүл мэндийн тусламж үйлчилгээ мөн гэж тодорхойлсон байна. Мөн дараах үндсэн төрөлтэй болохыг дурдсан байна. Эдгээрт:

1.      Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний анхан шатны тусламж, үйлчилгээг бие дааж, эсхүл багаар үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;

2.      Өрхийн анагаах ухаанаас бусад мэргэшлийн эмнэлгийн мэргэжилтний бие дааж, эсхүл багаар үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ;

3.      Жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үед эх, ураг, нярайд эмнэлгийн мэргэжилтний үзүүлэх эх барихын тусламж, үйлчилгээ;

4.      Хүний амь насанд аюултай өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэхэд чиглэсэн хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж;

5.      Гэнэтийн цочмог өвчин эмгэг, осол, гэмтэл, хордлого, жирэмсэн, төрөх, амь тэнссэн үед эмнэлгийн тусламжийг газар дээр нь болон тээвэрлэх явцад үзүүлж, эмнэлэгт хүргэх түргэн тусламжийн үйлчилгээ;

6.      Өвчин эмгэг бүхий үйлчлүүлэгчийг асран сувилах замаар эрүүл мэндийг дэмжих, хөнгөвчлөх, илааршуулахад чиглэсэн сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ;

7.      Өвчин эмгэг, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээ.

Эндээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон нийтэд хүргэхэд шинэ хуулиар өрхийн эмнэлэг чухал үүрэгтэй бөгөөд хэд хэдэн төрлийн үй ажиллагааг хэр үр дүнтэй зохион байгуулж байна вэ гэдгээс ихээхэн хамаардаг болохыг авч үзлээ. Эцэст нь тэмдэглэн хэлэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртдэг байх нь хувь хүний хөгжлийг тодорхойлогч чухал хэмжүүр болохыг дурдах байна [1] [2].

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна. 

Эх сурвалж

[1]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

[2]

Е. Е. Лялина , "Понятие карьеры и карьерного роста персонала предприятия," Современные наукоемкие технологии, Vols. №10-2, pp. 271-272, 2013.

 

 

ЛЕКЦ 6. КАРЬЕР МЕНЕЖМЕНТ БА ХҮНИЙ ХӨГЖИЛ

 


Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Карьер менежмент ба хүний хөгжил” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Юуны түрүүнд, карьер гэх үгийг утгыг тайлах хэрэгтэй болов уу. Карьер гэсэн үг нь хожуу латин хэлний carrus буюу тэрэг, тэргэнцэр, латин хэлний carriera буюу амьдралын зам, талбай, франц хэлний carriére буюу морин тойруулгын уралдаанд түрүүлэгч гэсэн утгыг тус тус илэрхийлдэг байна. 1899-1902 онуудад нитлэгдсэн «Брокгауз, Ефроны бага нэвтэрхий толь бичиг»-т “ажил, амьдралын талбарт ажилт олох үйл явц мөн” гэж тодорхойлсон байдаг.

Орчин үед карьер гэх ойлголт нь

1.      Үйл ажиллагааны тодорхой хүрээнд ажил эрхлэх:

2.      Алдар нэр, ашиг тус хүртэх:

3.      Ажил, үйл эрхлэх гэсэн утгыг илэрхийлэх болсон.

Олон хүн карьер хийх,  карьер төлөвлөх зэрэг ойлголтыг өөрөөсөө хол хөндий мэтээр хүлээн авдаг. Зөвхөн томоохон албан тушаалтай хүмүүст л карьерын асуудал хамаатай мэт бодох нь ч бий. Эсвэл албан тушаал ахих, нэр төр хөөцөлдөх гэх зэргээр ойлгодог. Гэтэл эсрэгээрээ карьер гэдэг хүн бүрт хамаатай бөгөөд карьер хөгжил бол хувь хүний хөгжлийн цэг юм.

Ажил мэргэжил, сонирхол, хобби, спорт, сурч боловсрох зэрэг амьдралын бүхий л талбар карьертай холбогддог. Карьерыг өөрийнхөө зогсож буй цэгийг тодорхойлж, хаана байгаагаа үнэлэх, цаашид хаана байхыг хүсэж буйгаа шийдэх, түүндээ хүрэхийн тулд хийж буй өөрчлөлтийн алхмууд гэж товчоор тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, карьераа төлөвлөхөөс өмнө өөрийгөө сайтар танин мэдэж чадвал тэр хэрээрээ илүү үр дүнтэй төлөвлөгөө боловсруулж чадна. 

Өргөн утгаар нь бид карьерыг амьдралын бүхий л хүрээнд хүн хөгжих эрэмбэ дараатай үе шат мөн гэж тодорхойлж болох юм. Харин эсрэгээр, явцуу хүрээнд авч үзвэл, хөдөлмөрийн бүтээлч үйл ажиллагаатай холбон тайлбарлаж болох байна. Энэ талаас авч үзвэл карьер гэдэг нь ажилтны үйл ажиллагаатай холбоотойгоор шагнал урамшууллын хэмжээ, мэргэших боломж бололцоо, мэдлэг, яадварын өөрчлөлт, мэргэжлийн өсөлт, албан тушаал ахих үйл явцыг илэрхийлсэн ойлголт болно. Карьер нь нийгэм, байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн ямар нэгэн үнэт зүйлийг өөртөө төлөвшүүлэх үйл явц болно.

Карьерыг янз бүрийн шинжээр ангилан авч үзэж болох байна. Тухайлбал, мэргэжлийн карьер, байгууллага доторх карьер, босоо карьер, хэвтээ карьер гэх зэргээр ангилж тодорхойлон авч үзэж болох байна  [1].

Лекцийн үндсэн үзэл санаа нь ямар ч хүн ажил мэргэжлийн хувьд хэр өсөж хөгжиж чадна, тэр хэрээрээ хөгжлийг хэмжих чухал үзүүлэлт болдог байна. Иймд хэн ч байсан аливаа хүнд карьер менежментийн асуудал чухал байдаг гэсэн санааг гаргаж болохоор байна [2].

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна.  

Эх сурвалж

[1]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

[2]

Е. Е. Лялина , "Понятие карьеры и карьерного роста персонала предприятия," Современные наукоемкие технологии, Vols. №10-2, pp. 271-272, 2013.