Saturday, December 9, 2023

ЛЕКЦ 13. ХҮНИЙ ХӨГЖИЛ, ЭРХ ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

 Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн мэндийг уламжилья. Энэ удаагийн лекц “Хүний хөгжил, эрх зүйн тухай ойлголт” сэдвийн хүрээнд өрнөх болно. Та бүхэн таалан болгооно уу.

Хүний сэтгэц, зан үйлийг тоо, чанар, бүтцийн хувьд өөрчлөгдөхөд хүргэж буй зорилго чиглэлтэй, зүй тогтолын дагуу тасралтгүй үргэлжлэх үйл явцыг хүний хөгжил гэнэ. Хүний хөгжил нь улс орны эдийн засгийн, нийгмийн, улс төрийн хөгжлийг танин мэдэх үндэс юм. 

Хэдийгээр бид энэ мэт ерөнхий хүрээнд ойлголт бий болгож болох ч хөгжил гэж чухам юуг хэлэх тухайд тодорхой ойлгоцтой байх шаардлага үүснэ.

Хөгжил гэдэг нь юм, үзэгдэл нэг төлөв байдлаас нөгөө төлөв байдалд эсвэл хуучнаас шинэ төлөв байдалд шилжих үйл явцыг хэлнэ.

Гэхдээ судлаачдын үзсэнээр хөгжил нь өөрөө хоёр төрөлтэй.

·         Хувьсал:

·         Хувьсгал:

Хүний хөгжлийг хангах үндсэн хүчин зүйлийн нэг нь эрх зүй юм. Өөрөөр хэлбэл, эрх зүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ байхгүйгээр хүний хөгжлийн тухай ярих бололцоогүй болно.

Эрх зүй (law) – хүний жам ёсны эрх, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэн хамгаалж, нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс зөвшөөрсөн буюу тогтоосон, төрийн албадлагаар хамгаалагдсан, бүх нийтээр заавал дагаж хэрэгжүүлбэл зохих хэм хэмжээнүүдийн тогтолцоо юм. Эрх зүй нь дараах онцлогтой. Үүнд:

1. нийгмийн харилцааг хамгаалах, зохицуулах зорилгоор уг харилцаанд оролцогчдын эрх үүргийг тодорхойлно

2. Тухайн улсын нийт нутаг дэвсгэр болон тодорхой хүрээнд заавал биелэгдэх шинжтэй байна.

3. Эрх зүйн хэм хэмжээ нь тодорхой баримт бичигт, тухайлбал, хууль, зарлиг, тогтоол, захирамж, шийдвэр зэрэг эрхийн актаар тусгалаа олдог төрийн албадлагаар хамгаалагдсан байхын зэрэгцээ зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн үр дагаврыг бий болгоно.

Энэ удаагийн бичвэр үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүхэнд баярлалаа.

Ашигласан ном зүй

[1]

 

Р. М. Бабаджанова, Ed., Человеческие развитие: Учебник, издание 2-е, дополненное и переработанное ed., Душанбе: ООО «Фарзин», 2014.

 

ЛЕКЦ 12. МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ

 

Нийгэм хэмээх хамтлагт хамрагдаж, тодорхой харилцаанд орж буй бид бүхний хувьд тухайн нийгмийнхээ дүрэм журам, хэм хэмжээг даган мөрдөх асуудал гарцаагүй тулгардаг. Нэг талаас, хууль дүрэм, ёс зүйн хэм хэмжээ зөрчилдөх ёсгүй. Нөгөө талаас саяын дурдсан хоёр төрлийн хэм хэмжээнээс ангид эсвэл үл захирагдах, даган мөрдөхгүй байх эрхтэй нийгмийн гишүүн гэж байдаггүй.  Өнөөдрийн бидний үзэх ёстой хичээлийн нэр гурван багц цагийн “Бизнесийн ёс зүй” болно. Бизнесийн ёс зүй гэх ухагдахууныг авч үзэхийн урьд давын өмнө судалбаас зохилтой тодорхой ойлголтууд байна. Эдгээрийн нэг нь ёс зүй гэх ойлголт юм.

Ингэхэд ёс зүй гэж юуг хэлэх вэ?

Ёс зүй гэх үг нь эртний Грекийн ethos гэсэн хэллэгийн үүсгэл болно. Анхлан хүмүүсийн хамтын амьдралын тодорхой хэлбэрийг илэрхийлж байгаад нийгмийн хөгжлийн явцад утга санаа өөрчлөгдөж ямар нэгэн юм, үзэгдлийн тогтвортой хадгалагдах шинж чанарыг заах болжээ. Тухайлбал эртний Грекийн гүн ухаантан Хэраклит алив хүмүүний этос болбоос түүний бурханлаг чанар амой хэмээн сургасан нь үүнтэй холбоотой (Оюунчимэг, 2012, хуудсд. 13-27).

Үг зүйн хувьд ёс зүй буюу ethics нь эртний Грекийн “зан суртхаал”, “зан заншил” гэх утгыг илэрхийлэх бөгөөд цольд гүн ухаантан Аристотель (МТӨ 384-322 он) “Никомахын ёс зүй” бүтээлдээ анх хэрэглэжээ. Түүний үзсэнээр, зөв, ёс суртахуунлаг амьдралд хөтлөх зорилгоор хүн хэрхэн аж төрөхийг заан сургасан практик философи мэдлэгийг ёс зүй гэдэг байна. Гэвч хүн төрөлхтний түүхийн явцад ёс зүйн үзэл санаа тогтонги бус, байнгын хувьсал, өөрчлөлтөд орсоор ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, шинэ үе бүхэнд шинэ утга санаагаар баяжигдан иржээ. Үүний нэг илрэл нь Грек хэлний ethics гэх үгийг латин хэлнээ хөрвүүлж Ромын нэрт гүн ухаантан Марк Туллий Цицерон moralitus гэсэн үгийг ашиглажээ. Аристотелийн этик гэж нэрлэсэн мэдлэгийн салбарыг Цицерон мораль философи хэмээн оночилсон хэрэг. Цицерон Ромын уламжлал, соёлд үнэнч нэгэн байсан учир Грекийн соёлын нөлөөллөөс ангид латин соёл бий болгохыг оролдсон бөгөөд энэ хүрээнд уг нэр томьёог гаргасан байх юм. Ингэхлээр сэтгэлгээний түүхийн явдцад moralitus болон ethics нь адил утгатай байсан гэсэн санаа урган гарч байна. Цаг хугацаа өнгөрөх тусам дээрх үгүүдийн утга санаа хувьсан өөрчлөгдөж хүний ёс зүйтэй байдлыг мораль буюу ёс суртахуун, ёс зүйт байдал буюу моралийг судлах мэдлэгийн төрлийг этик буюу ethics гэх болжээ.

Хүн төрөлхтний түүхийн анхдагч үе хүй элгэний нийгэмд тусгайлсан хэм хэмжээ хүчтэй хөгжсөнгүй, чухамдаа зөн совингийн хүрээнд хүмүүс хоорондын харилцаа зохицуулагдаж байжээ. Гэтэл нэлээд хожуу үеийн тухайлбал, дундад зууны болон аж үйлдвэр хөгжсөн нийгмийн харилцаанд хууль тогтоомжийн зэрэгцээ ёс зүйн хэм хэмжээ бат нотоор нэвтэрч, зохицуулалтын шинж чанартай болж хувирчээ. Хүн хүрээлэн буй орчиндоо нийцтэй байх, оюун ухаан болон бие бялдарын хөгжлөө өвтэгш хангах, байгалийн юм, үзэгдэлд эрүүл сэтгэлгээгээр хандах зэрэг нь ёс зүйн хэм хэмжээнд анхдагч шинж агуулж байсныг бид бүхэн Грек-Ромын үеийн дээрх жишээнээс тодхон харж болох юм.

Шинжлэх ухаан, техник, технологи өндөр хурдацтай хөгжиж, харилцан хамаарсах хандлага идэвхижиж байгаа өнөө үед нэг хүн, нэг байгууллага, нэг үндэстний асуудлыг дангааршин шийдвэрлэх боломжгүй болжээ. Нийгмийн хөгжлийн ийм үед ёс зүй онцгой ач холбогдолтой байдгийг орчин үеийн коммунитарист онолын томоохон төлөөлөгч болох А. Макинтайр онцолсон байна. Түүний энэ санааг олон судлаачид хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ромын нэрт гүн ухаантан Овидий «Сайн сайхан зүйлийг мэдэрлээ, харлаа, гэхдээ энэ тэнэглэл хөнөөлтэй» хэмээн бичжээ. Бид сайн сайхан зүйлийг мэдэрдэг, юу нь сайн, юу нь муу болохыг ойлгодог. Гэхдээ бодит амьдрал дээр энэ бүхэн төдийлөн ач тусаа өгдөггүй. Хүн бол утилитари шинжтэй өөрөөр хэлбэл өөртөө ямагт дээд зэргээр ашиг, таашаал эрэлхийлж байдаг амьтан юм. Орос, Англи, Монгол ялгаагүй бүх хүнд энэ шинж түгээмэл байдаг. Гэтэл ёс зүй, ёс суртахуунтай байх явдал үүнд харшилна.

Лекцийн бичвэртэй холбоотойгоор өгүүлэхэд хүмүүн ухамсарын төвшинд нэг талаас, “ёс зүй”, нөгөө талаас, “ёс суртахуун” гэх хоёр ойлголтын ялгамжтай талыг бүрхэгдүүлэн авч үзэх тохиолдол байна.

Нийтээр хүлээн авсан уламжлал”, “дүрэм” гэх утга бүхий гүн ухаантан Марк Туллий Цицероны нэвтрүүлсэн ёс суртахуун буюу moralitas гэх ойлголт нь сайн, муу, сайхан, муухайн тухай нийгэмд тогтсон даган мөрдвөл зохих хэм хэмжээг хэлдэг бол ёс суртахуун буюу moralitas-ыг судлах мэдлэгийн төрлийг ёс зүй гэдэг байна. Ингэхлээр бидний үзэх үндсэн хичээлтэй холбон тайлбарлавал бизнесийн ёс зүй гэдэг нь хүмүүсийн эдийн засгийн агуулгатай үйл эрхлэхтэй холбоотойгоор үүсэх харилцааг сайн, муу, сайхан, муухай гэх хэмжүүрт захируулан судлах мэдлэгийн төрлийг хэлдэг байна (А. Н. Асаул, М. А. Асаул, П. Ю. Ерофеев, М. П. Ерофеев, 2007, хуудсд. 5-198).

Ёс зүй, ёс сутахууны үүсэл хөгжлийг ерөнхийд нь гурван үндсэн үе шатад ангилж болох юм. Гэвч оюутан сурагчдын бичвэрт тодорхой дурдсан тул нуршин өгүүлэх нь илүүц болов уу. М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн профессор А. А. Гусейнов авгайн бичвэрт дулдуйдан ёс зүй, ёс суртахууны онолын үзэл санааг хураангуйлан авч үзэхийг хичээе (Гусейнова, 2015, хуудсд. 293-404).

Ёс зүйн үүсэл хөгжлийг ерөөсөө философи сэтгэлгээний үүсэл хөгжилтэй адилтган үзэж болохгүй юм. Тодорхой ялгамжтай байх нь мэдээж хэрэг. Ёс зүйн сургаал, үзэл санаа нийгмийн бодит орчин, эрэлт, хэрэгцээтэй холбоотойгоор үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үеийн туршид ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголт байсаар ирсэн гэсэн үг юм. Хүний боломж, бололцоо хязгаарлагдмал шинж чанартай бөгөөд ганцаар амьдрахад зориулагдаагүй нийгмийн амьтан юм. Бусад хүмүүстэй хамтран амьдрах, нийгмийн хэрэгцээгээ хангах болсон цагаас эхлэн зохицуулалтын хэлбэр болох ёс зүйн хэм хэмжээ бий болжээ. Харин ёс суртахуун, ёс зүйн мэдлэгийн салбарт философи үүссэн гэж үзэж болох талтай. Юу хэрэгтэй, хэрэггүй, ямар зүйл сайхан, муухай, амьдралын зорилго юунд орших зэрэг нь бүгд ёс суртахууны асуулт юм.

Хэдийгээр судлаачид янз бүрийн байр суурийг илэрхийлдэг ч ёс суртахууны тухай асуудлыг Сократын үеэс дэвшүүлэх болсон гэж үздэг. Сократ ёс зүй гэх ойлголтыг бий болгоогүй боловч хүний нийгмийн суурь үндэс болсон ёс суртахууны асуудлыг системтэйгээр гаргаж ирэхийг оролдсон анхны гүн ухаантны нэг болно. “(…) Софрониксийн хүү, Афин хотын харьяат Сократ “Сайн үйл бол мэдлэг мөн, Сайн сайхан байдал нь ашигтай юмыг таньж мэдэх явдал. Нэг хүнд ашигтай юм нөгөө хүн хортой байж болно” зэрэг ёс зүйн сургаалаа айлдаж (…)” явсан (М. Золзаяа, Ч. Баярчимэг, Д. Оюунгэрэл , 2013, хууд. 29) талаар профессор М. Золзаяа судалгаандаа дурджээ. Гэхдээ Сократаас өмнөх үед ёс зүйн философи огт байгаагүй гэж үзэх нь учир дутагдалтай билээ. Хэдийгээр нэгдсэн байдлаар хөгжүүлж чадаагүй боловч Хэраклит, Демократ нар эл асуудалд анхаарч байсан баримт байдаг. Хүний зан үйлийн сайн чанарыг илэрхийлсэн арэто гэх ойлголт ч энэ үед бий болсон байна. Тэрчлэн юм, үзэгдэл зохистой, нийцтэй байх ёстойг заасан дундажийн үзэл санааг эртний Грекийн долоон мэргэд чухалчлан үзэж байв. Ёс суртахууны түгээмэл мөн чанарын тухай анхлан хөндсөн эрдэмтэн бол Хэраклит болно. Тэрээр ёс суртахуунлаг байх гэдгийг бүгдэд алагчлалгүй, тэгш хэмтэй байх гэж тайлсан байдаг. Ёс суртахуунлаг-зохистой бүхэн нийцтэй бол ёс суртахуунлаг-зохист шинжгүй бүхэн устаж утга чанараа алдана гэжээ.

Эртний Грекийн цольд гүн ухаантан, гэнэн материалист Демократ авгай материализмийн сургаалаа эвдемонизмтой адилтган үзсэн байна. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны дээд үндэслэгээ нь аз жаргал болно. Түүний хувьд бие махбодын болон оюун санааны аз жаргал байхыг үгүйсгээгүй. Тэгвэл дээд, жинхэнэ аз жаргал оюун ухааны баяр баясалаар дамжин илэрнэ гэжээ. Харин софист үзэлтнүүдийн хувьд ёс зүйн сургаалд эргэлзэнгүй хандсан байна. Хүний авьяас, чадвар ёс суртахууны хооронд шууд хамаарал байхыг тогтоож нөхцөлт шинжийн талаар сургасан байна. Тэд ёс суртахуунлаг байх гэдгийг нийгэмд, хүмүүсийн дунд амьдрах чадвартай холбон тайлжээ.

Ёс суртахуун, ёс зүйн талаар софистуудын субьектив тайлбарыг шүүмжилсэн хүн бол Сократ болно. Ёс суртахуун нөхцөлт шинж чанаргүй бөгөөд төгс сайн сайхан утга чанар бүхий үнэт зүйлийг тогтоц гэж Сократ үзсэн. Өмнөө тавьсан зорилгодоо хүрч байвал бидний үйлдэл ёс суртахуунлаг шинж чанартай байна. Ямар зорилго өмнөө тавих, хэрхэн түүнд хүрэх арга ухаанаа оночилж байвал бидний үйлдэл бүхэн нийцтэй бөгөөд ёс суртахуунлаг гэж Сократ авгай сургасан байна. Ялдарлан өгүүлэхэд сайн сайхан зүйлийг үнэн зөвөөр танин мэдэхийн цагт бидний бүх үйлдэл ёс суртахууны хувьд жинхэнэ үнэ цэнээ олно. Эндээс мэдлэг, мэргэн ухаан шүтсэн цагт бидний үйлдэл сайн, эсрэгээрээ, мэдлэг, ухаанд үл сүслэвээс муу болох тухай сургасан байна. Мэдлэг, ухаан, сайн үйл харилцан шүтэлцээтэй бөгөөд хамтдаа цогцолбоос ёс суртахуунлаг болохыг онцолсон байна. Товчоор хэлэхэд, Сократын үүдсэн ёс суртахууны зарчим бүгд ашиг тус, хууль цааз гэх хоёр зүйлд чиглэгдэж байв.

Хууль цаазыг бичигдмэл буюу төр улсын, бичигдмэл бус буюу бурхны хэмээн хоёр хэсэгт ангилсан. Бурхны цаазад Сократ ёс суртахууны хэм хэмжээг бүхэлчлэн оруулсан байна. Бичигдмэл буюу төрийн цааз бурхны цаазад суурилах тухай сургасан байдаг. Эндээс харахад түүний сургаал бурханлаг шинж чанартай байсан нь илэрхий байна. Бурхан оршин байдаг нь гарцаагүй бөгөөд хүний амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлж байдаг. Ёс суртахуун бурханлаг шинжтэй болохыг номлосон байна.

Сократын хөгжүүлсэн санаа Платон авгайн идеализм, Антисфен, Аристипп авгай нарын реализм гэх хоёр чиглэлд хуваагдсан юм (А. А. Гусейнов, Р. Г. Апресян, 2000, хуудсд. 85-118).

Платоны идеалист чиглэл

Платон үзэл санааны хувьд Сократын уламжлалыг бүрэн хөгжүүлсэн юм. Гэхдээ сайхан, муухайн тухай түүний үзэл санаа хэд хэдэн үеийг дамжин хэлбэршин тогтсон гэдгийг дурдах байна. Юуны түрүүнд, Сократад зарим талаар илэрч байсан ёс суртахууны материалист хандлага Платоны хувьд огт байгаагүй гэдгийг хэлэх байна. Тухайлбал “Протагор” нэрт хүүрнэлдээ Сократ хэмээх зохиомол дүрээр дамжуулан ёс суртахууны гедонист санааг хөгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны эцсийн зорилго нь таашаал, ханамж авах явдал мөн гэж сургасан байх юм. Платоны ерөнхий гүн ухааны онолтой харьцуулахад ёс суртахууны эл хандлага зөрчилт шинж чанартай байсныг онцлох байна. Оросын нэтэй эрдэмтэн Владимир Соловьев үүнтэй холбоотойгоор дээр дурдсан “Протагор” бүтээлийг Платон бичээгүй, харин Кирены дэг сургуулийг үндэслэгч Аристипп зохиосон гэх санааг гаргажээ. Ямартаа ч гедонист хандлагыг Платон хэсэг хугацаанд баримталж байсан нь үнэн юм. “Протагор” бүтээлийг бичээгүй байлаа гэж бодоход “Критон”, “Горгии” нэрт зохиолдоо дээрх санааг лавшруулан авч үзсэн байна. Шударга ёс хэмээгч сэтгэл санааны цэнгэл, нэгэн төрлийн баяр бахдал гэсэн бол шударга бус байдал гэдгийг өвчин эмгэгтэй зүйрлэсэн байдаг. Энэ бол Платоны бүтээлд гедонист хандлага илэрч байсныг гэрчилж байна.

Хүний үйл ажиллагаа гедонист шинж чанартай гэдгийг хүлээн зөвшөөрсөн учир хойд насны тухай асуудалд анхаарал хандуулсан байдаг. Ертөнцийн эх үндэс үзэл санаа бөгөөд зохистой, нийцтэй байх тухай сургасан. Энэ утгаараа үзэл санаа гэгч сайхан, нийцтэй, гоо бүхний эх үндэс болно. Сайн сайхан бүхнийг Платон эрос гэх ойлголтоор илэрхийлсэн байна. Эрос бол туйлын сайн сайхан, төгсгөлгүй мөн чанар руу тэмүүлэх түгээмэл сайн сайхан шинж мөн. Эросоос үүдэлтэй тул хүний сэтгэл санаа үзэл санааны бүтээгдэхүүн болно. Оюун ухаан, мэдэрхүй, эр зориг гэх гурван хэсэгт хүний оюун санааг хуваан үзсэн байна. Хүний оюун сэтгэл лугаа адил төр улс тариачид, дайчид, захирагчид гэх гурван язгуураас бүрдэнэ. Улс гэрийн үйлдвэрлэлийн хэрэгцээг тариачид, гар урчууд, хамгаалах үүргийг дайчид, жолоодох, удирдах үйлийг захирагчдын язгуур эрхэлнэ. Гэвч эдгээр гурван язгуур нэгэн зохируулгад орж дээд үнэт зүйлийг цогцлооно. Дээд үнэт зүйл болбоос улсын бүх зүйл зохист утгыг тээж, бурханлаг, ёс суртахуунлаг шинж олохыг хэлнэ.

Реалист дэг урсгал

Сократын гүн ухааны урсгалын үндсэн дээр бий болсон ёс зүйн реалист дэг сургууль дараах хоёр чиглэлд хуваагддаг байна. Эдгээрт:

·         Хүний оршин ахуй, амьдралын дээд үнэт зүйл, туйлын зорилго ханамж эрэлхийлэхэд чиглэгдэнэ гэж үздэг эерэг эвдемонизм:

·         Зовлонгийн хүлээснээс ангижирч, түүнийг үгүй хийхэд амьдралын мөн чанар оршино гэж сургадаг сөрөг эвдемонизм.

Хэдийгээр хоёр дэг урсгал амьдралын зорилго, мөн чанарыг эрэлхийлдэг боловч агуулга талаасаа харилцан адилгүй юм.

Эерэг эвдемонизмийг Кирены гедонист дэг урсгал болон эпикур үзэлтнүүд хүчтэй баримталж байсан.

Кирены дэг сургууль

Ямар зан чанартай байхаас үл хамааран ханамжийг эрэлхийлэх нь амьдралын зорилго мөн гэж Кирены дэг сургуулийг үндэслэгч Аристипп үзжээ. Ханамжийн хамгийн сайн тал нь хүний үйл ажиллагааг эрчимжүүлж, хүчтэй болгож өгдөгт оршино. Алс хэтдээ эдлэх ханамжаас одоогийн таашаал илүү үнэ цэнэтэй.

Аристипп авгайн үзэл санааны залгамжлагч болох Гегэси реалист дэг сургуулийн хамгийн гутрангуй чигийг баримталсан байна. Амьдрал бол таашаал, цэнгэл эдлэхээс илүүтэйгээр зовлонгийн хөлд живэх явдал юм. Иймээс зовлонгоос ангижирч дээдийн ханамж эдлэх нэг арга нь үхэл юм гэж үзжээ. Гегэсийн үеийн хүмүүсийн дотор түүний үзэл санааны нөлөөгөөр амиа егүүтгэх үзэгдэл хүчтэй дэлгэрч байв. Энэ учирт Гегэсиг “үхлийг хүсэмжлэгч” (πεισιθάνατος) гэх болжээ. Тэд гедонист хандлагыг хурцаар шүүмжлэх болсон юм.

Эпикурын дэг сургууль

Таашаал хүсэгчид буюу гедонист дэг сургуулийнхнаас ялгаатай нь Эпикурчууд ёс суртахууны зарчмыг эсрэг талаас нь авч үзсэн байна. Тэд ханамж хүртэх нь зовлонгийн шалтгаан болох тул амьдралд идэвхтэй байхаас татгалзахыг номлосон байдаг. Үүнтэй холбоотойгоор  атаракси гэх ойлголтыг бий болгосон байна. Атаракси нь зовлонгоос дайжих, ханамж авах тэргүүтнээс ангид байхыг сургадаг амьдралын идэвхгүй зарчим болно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн үйлээс ангид диян сэтгэл асаах үзэл санааг хэлдэг байна. Тэд ханамж, таашаал эрэлхийлэх өмнөх үзэл санааг таягдан хаяхыг эрхэмлэдэг болно.

Сөрөг эвдемонизм

Киник болон стоик дэг сургуулийн төлөөлөгчид сөрөг эвдемонизмийн үзэл санааг хөгжүүлсэн байна. Аливаа зовлон шаналалаас ангижруулж хүрээлэн буй амьдралын орчны нөлөөллөөс өөрийгөө бүрэн чөлөөлөх тухай киникүүд номлодог байна. Амьдралын юм, үзэгдэл зовлон, шаналалыг үүсгэх тул түүнээс ангид байх хэрэгтэй. Хүсэл, таашаал ч зовлонгийн үндэс юм. Сайн, муу, сайхан, муухайн тухайд зарчмын ялгамж үгүй бөгөөд угтаа бол адил хоосон зүйл болно. Өнгөт орчлонгийн элдэв дүр саруул ухаан, сайн үйлийн дайсан тул автахгүй байваас нэн сайн гэжээ.

Стоик сургуулийнхан

Стоик дэг сургуулийнхан апати байдлыг онцгойлон дээдэлнэ. Үүний зэрэгцээ хүн төдийгүй орчлон ертөнцийг захирах түгээмэл хууль зүй тогтол байхыг хүлээн зөвшөөрдөг. Ертөнцийн түгээмэл зүй тогтол, хуулийг танин мэдсэнээр стоик ухаанд хүрнэ. Тэд ёс суртахууны талаар эвдемонист үзэл санааг таягдан хаяж түүний обьектив мөн чанарыг танин мэдэхийг оролдсон байна. Ташрамд дурдахад стоик үзэл санаа НТӨ II зууны үед үлэмж хурдтайгаар түгэн дэлгэрч Ромын эзэнт гүрэнд төрийн шашны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Юуны түрүүнд, хүний төрөлх мүс чанараас дээгүүрт орших түгээмэл үзэл санаа, зүй тогтлын тухай стоик сургаал Ромын эрх зүйн үндэс болсон юм. Эпикуризм болон стоик сургаал нь тухайн цаг үеийн Ромын нийгэмд харилцан даилгүй нөлөөлөл үзүүлсэн байдаг.

Аристотель

Хэрэв эртний Грекийн гүн ухаантан Платон ёс зүйн асуудлыг онтологи, танин мэдэхүйн хүрээнд хамааруулан авч үзсэн бол Аристотель бие даасан утга дайлгаж байжээ. Аристотелийн ёс зүйн онол “Никомахын ёс зүй”, “Евдемовын ёс зүй” гэх хоёр бүтээлд нь тусгагдсан байдаг. Зарим судлаачдын зүгээс Аристотелийг Magna Moralia (Их ёс зүй)-н үндсийг тавигч гэж үзсэн байдаг.

Үзэл санааны агуулгын хувьд Аристотель алтан дундажийн үзэл баримтлалыг хөгжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Платон болон эвдемонизмийн сургаалын холимог урсгалыг дэмжсэн юм. Аристотелийн ёс зүйн сургаалд ариусал хэмээх ойлголт онцгой ач холбогдолтой. Ариусал гэж юуг хэлэх вэ? Ариусал бол хөдөлгөөнгүй ямар нэгэн санаалаг зүйл бус, оюун ухааны үйл ажиллагаа юм. Оюун ухаан цэвэр үзэл санааны ёс суртахууны агуулгыг нээн илэрүүлэх учир дианотик шинж чанартай юм. Гэвч энэ зүйл ёс суртахууны зан үйлийн хувьд ач холбогдол багатай юм. Аристотель хүсэл зоригоос хамаарсан зүйлийг ёс зүйн сайн үйл гэж нэрлэсэн байдаг.

Ялдарлан өгүүлэхэд Аристотель авгайн улс төрийн сургаал алтан дундажийн шинжийг агуулсан байдаг. хувийн өмч, чөлөөт гэрлэлт, хувь гэр бүлийн харилцааг зөвшөөрсөн дундаж нийгмийн үзэл санааг хөгжүүлсэн. Төрийн засаглалын хэлбэр дотроос язгууртны засгийг, эзэн хаант засгийг, полити төрийг хамгийн сайн гэж үзсэн. Эзэн хаад улсын эрх ашигт тулгуурлан засаг цааз зохиож хүн олныг удирдах тул полити төр хамгийн нийцтэй болой. Хамгийн адгийн, ёс зүйгүй засаглалын хэлбэр бол тирани мөн.

Төр улсын зорилго нь иргэддээ нийгмийн болон хувь хүний ёс суртахууны өв тэгш хүмүүжил олгоход оршино. Аристотель улс төрийн бүтээлээ дуусгаж чадаагүй нь төгс төгөлдөр төр улсын тухай түүний санааг бүрэн хэлэх боломжийг хаасан байна.

Христийн шашны суртхаал

Христийн ёс зүй буюу христийн шашны ёс суртахууны сургаал нь хүний зан үйлийн ёс суртахууны чиглүүрийг тодорхойлж өгдөг. Хүний төрөлх мүс чанар, бурхантай харилцах харилцаа хүнийг бүхэлд нь тодорхойлох талаар христийн сургаалд заасан байна. Христийн шашны ёс зүйг христийн үйлдлийн онол хэмээн нэрлэж болох юм.

Христийн ёс зүй нь эрхүүд шүтлэгтний амьдралын хэв маяг, түүнд агуулагдах бүлгийн болон хувь хүний шинж чанараар илэрхийлэгдэх христийн этос болно.

Христийн шашны ёс зүйн эх сурвалж нь – ариун судар библи, сүм хийдийн гэгээн эцгүүдийн тайлбар чимэг, сүүл үеийн бурхан судлаачдын бүтээл зэрэг болно.

Христийн ёс зүй нь үйл байдлыг журамласан хэм хэмжээ, эрх зүйн үүтгэл, ёс суртахууны үнэлэмж зэргээс бүрдэх бүхэл бүтэн гүн ухааны тогтолцоо юм.

Христийн ёс зүй ёс зүйн бусад тогтолцооноос дараах шинжээрээ ялгагддаг байна. Эдгээрт:

·         Христийн ёс зүй бол зүгээр нэг онолын зарчим бус, харин христ шүтлэгтнүүдийн амьдралын арга хэрэгслийг тусгасан бичвэрийн тогтолцоо болно:

·         Ёс суртахууны бүхий л шаардлага нь бурхнаас аврал эрэхэд чиглэгддэг байна. Учир нь христийн шашинд хүн төрөлхтний түүхийг авралын түүх гэж үздэг болно:

·         Ёс суртахууны бүхий л илрэл нь шашин, шүтлэг бишрэл, мөргөлийн үйлээс ангид байж чаддаггүй:

·         Христийн ёс зүй бурханд сүслэхийг сургах учир тааварлан хэлэх бололцоогүй юм.

Сэргэн Мандалтын үе

Европын соёл иргэншлийн түүхэнд сэргэн мандалтын үе томоохон байр суурь эзэлдэг. Учир нь энэ үеийн сургаал, номлол хүмүүсийг шашны мухар сүсэг бишрэлээс холтгож, оюун ухааныг шүтэх, оньсон техникт сонирхох байдал руу хөтөлсөн юм. Энэ ч учраас шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжил энэ үед бий болсон нь тохиолдлын зүйл биш юм. Өгүүлэн буй үеийн ёс зүйн сургаал ч энэ хүрээнээс гарч байсангүй.

Сэргэн мандалтын үеийн ёс зүйн сургаалыг энэ тэргүүнээ хөгжүүлэгчдийн нэг нь 1610 онд Хантаас өнөөг хүртэл шинжлэх ухааны үнэ цэнээ алдаагүй «De la sagesse» нэрт бүтээл нийтлүүлсэн гэх Шаррон болно.”Ёс суртахуунлаг байх нэгт, шашин хоёрт болой. Учир нь шашин гэгч ёс суртахуунаас үүсмэл шинжтэй билээ. Ёс суртахуун жам ёсны, зохистой, төрмөл шинжтэй бол шашин үүсмэл, дур зоргын шинжтэй юм” гэжээ. Цаашид жам ёсны ёс суртахуунлаг үзэл санаа Англид Фрэнсис Бэкон, Томас Хоббс нарын судалгаагаар хөгжсөн байдаг. Стоик үзэлтнүүдийн гаргасан жам ёсны хуулийн зарчмыг сэргээж Бэкон нийгэм-сэтгэл зүйн утга шингээсэн байна.

Хоббс ёс суртахуунлаг байдлыг албадмал шинжтэйгээр хэрэгжих бөгөөд гарцаагүй шалтгаанаар бий болдог гэж сургасан. Түүний үзсэнээр, жам ёсны буюу байгалийн байдалд хүмүүс бүгдээрээ бүгдийн эсрэг дайтаж байдаг аж. Нэг нэгнээсээ айн ширвээтэхдээ жам ёсны эрхээсээ татгалзаж нийгмийн харилцааг тогтоодог байна. Кэмбрижийн дэг сургуулийнхан (Ральф Кэдворт, Хэнри Мор нар) Хоббсын үзэл санааг шашны номлолтой холбон үзэхийг санал болгодог. Харин Хоббсын сургаалыг хүчтэй эсэргүүцэгч Камбэрлэндийн хувьд ёс суртахуунлаг байдал хүний төрөлх бөгөөд анхдагч мүс чанар юм. Жон Локк ёс суртахууныг шашны болон эмпирик сэтгэлгээний талаас авч үзсэн байна.

Байгалийн хууль бурхны хууль харилцан эелэлдэж, нэг нэгэнтэйгээ утга шингэх ёсон буй. Бурхны нээн илрүүлсэн бүхнийг туршлагаар нээн илрүүлэх бололцоотой. Ёс суртахууны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь аз жаргалд тэмүүлэхүй юм. Товчоор хэлэхэд, түүний ёс суртахууны сургаалд амин хувиа хичээх болон бусдын төлөө өөрийгөө золиглох үзэл санаа нэвт шингэсэн байдаг. Үүний сац ёс суртахуун хүсэл, хүртэхүйгээр дамжин илрэх иррационал шинжтэйг заасан байна. Ёс зүйн сургаалын хөгжилд Английн гүн ухаантан Дэвид Юм, АДам Смит нар томоохон хувь нэмэр оруулсан байна. Бидний дотоод мөн чанарт нуугдах нинжин сэтгэлийн асуудлыг Адам Смит онцгой анхааруулсан байдаг.

Кант

Ёс зүй, ёс суртахууны асуудлыг нэлээд өөр өнцөгөөс авч үзсэн хүн бол Кенигсбэргийн их сургуулийн профессор Иммануэл Кант болно. Хэрэв Хантын танин мэдэхүйн онолын эх үүсвэр Юмаас үндэстэй бол ёс суртахууны асуудал дээр Руссогоос үндэсжин хөгжсөн байна.

Ёс зүй, ёс суртахууны асуудалтай холбоотойгоор мэргэжлийн ёс зүй гэсэн ойлголт бий болдог. Ингэхэд мэргэжлийн ёс зүй гэж юуг хэлэх вэ?

Мэргэжлийн ёс зүй гэдэг нь нийгэм дэх ажил, мэргэжлийн ёс суртахууны нэр хүндийг тэтгэх зан үйлийн хэм хэмжээ, тодорхой үүргийн нийлбэр цогцыг хэлнэ. Мэргэжлийн ёс зүйн асуудлыг Аристотель, О. Конт, Э. Дүркхэйм нарын судлаачид анх гаргаж ирсэн байдаг.

Мэргэжлийн ёс зүйд дараах зарчмыг гол болгодог. Үүнд:

·         Ажлын байран дээр өөрийн хүсэхгүй зүйлийг үйлчлүүлэгчээс бүү шаард.

·         Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа шударга ёсыг баримтлах:

·         Ёс зүйн зөрчил гаргахаас байнга сэргийлж байх:

·         Хэрэв ажлын байран дахь үйлдэл тань байгууллагын хөгжилд нөлөөлж байвал ёс суртахуунтай байна гэсэн үг юм.

·         Ёс зүйн хэм хэмжээ зөрчөөгүй бол таны үйлдэл ёс суртахуунтай:

·         Аливаа зүйлийг хийхдээ өөрийн байр сууринаас хандаж байх:

·         Бусдын эрхэнд халдсан үйлдэл эс хийх:

·         Өрсөлдөгчийг хүндэтгэх зэрэг болно.

Эх сурвалжийн жагсаалт

А. А. Гусейнов, Р. Г. Апресян. (2000). Этика: Учебник . Москва : Гардарики.

А. Н. Асаул, М. А. Асаул, П. Ю. Ерофеев, М. П. Ерофеев. (2007). Култура организации- ресурс для развития бизнеса. Санкт-Петербург : «Гуманистика».

Гусейнова, А. А. (2015). История этических учении: Учебник для вузов. Москва : Академиче ский проект; Трикста.

М. Золзаяа, Ч. Баярчимэг, Д. Оюунгэрэл . (2013). Бизнесийн ёс зүй . Улаанбаатар хот : Арилдал ХХК.

Оюунчимэг, Б. (2012). Бизнесийн ёс зүй. Улаанбаатар хот: Бодьмөр Принтинг ХХК.

ЛЕКЦ 11. АЛБАН ХАРИЛЦАА БА ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ

 

Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн мэндийг уламжилья. Энэ удаагийн лекц “Албан харилцаа ба имиж бүрдүүлэлт” сэдвийн хүрээнд өрнөх болно. Та бүхэн таалан болгооно уу.

Хүн хоорондын харилцааг дараах төрөлд ангилдаг. Үүнд:

1.      Албан ёсны болон албан бус:

2.      Ажил хэргийн болон хувийн:

3.      Рационал болон сэтгэл зүйн:

4.      Захирах тушаах болон хамтран ажиллах харилцаа гэж хуваадаг.

Одоо эдгээрийг дэлгэрүүлэн авч үзье. Хууль тогтоомж, дүрэм журам дээр тулгуурласан бөгөөд албан тушаалын хүрээнд үүсэж буй харилцааг албан ёсны харилцаа гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, эрх зүйд тулгуурлан үүсэх харилцааг албан ёсны харилцаа гэнэ. Энэ харилцаа давамгайлсан үед хүмүүс танил тал, үзэл бодлын ойр байдалд бус, гагцхүү албан тушаал, эрх, үүргийн хуваарилалтын дагуу хоорондоо харилцдаг онцлогтой.  Ажлын хүрээнд, бизнесийн үйл ажиллагаа, төрийн алба гэх мэт албан ёсны бүтцийн хүрээнд үүсдэг. Харилцан нэг нэгнээ хүндэтгэх, үүрэг хүлээх, тодорхой байх гэх мэт тодорхой дүрэм журам, хэм хэмжээг оролцогч бүрээс шаарддаг онцлогтой.

Сэтгэл хөдлөл, тодорхой мэдрэмж илэрхийлэх зэрэг бараг шаардлагагүй. Харин нэг нэгнээ хүндэтгэж, нээлттэй харилцаг байх нь албан харилцааны онцлог болно. Харилцаанд оролцогчоо хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн үзэл бодол, байр сууриа тодорхойлж ойлгуулах нь энэ төрлийн харилцаа амжилт олоход ихээхэн нөлөөлдөг байна. Тэрчлэн аль болох итгэл төрүүлж, хамтран ажиллах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага урган гарна. Үүнд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг хүчин зүйл нь имиж бүрдүүлэлт болно.

Таны гадаад төрх бол үг хэлэх шаардлагагүйгээр өөрийгөө хэн бэ гэдгийг бусдад илэрхийлэх алтан боломж. Бүрдүүлсэн имиж тань бусдын өмнө таны түүхийг хүүрнэн, анхны сэтгэгдэл үлдээж, түүгээр ч зогсохгүй ярианд тань итгэх эсэхийг шийдэх чухал үзүүлэлт болдог. Товчхондоо, имиж бол анхны сэтгэгдэлд анхлан нөлөөлдөг хүчин зүйл юм. Имиж бүрдүүлэлтэд дараах дөрвөн хүчин зүйл нөлөөлөл үзүүлдэг. Үүнд:

1.      Хүрээллийн хүчин зүйлс: Хүрээллийн хүчин зүйлд унаа, байр, ажлын өрөө хэрэглэж буй гар утас, үзэг зэрэг багтдаг.

2.      Габитор буюу гадаад хүчин зүйлс: Хувцаслалт, гадаад үзэмж нь хувь хүний царай төрхийг илэрхийлдэг. 

3.      Вербал буюу ярих чадвар: Тухайн хүний яриа хоолойны өнгө, үгийн сонголт нь имиж бүрдүүлэхэд чухал хүчин зүйлсд тооцогддог.

4.      Кинетик хүчин зүйл: Хүний алхаа, гишгилт, хувцаслалт, гарын байрлал, нүүрний хувирал гэх мэтийг хамруулан ойлгодог байна.