Thursday, September 28, 2023

ЛЕКЦ 4. ЯДУУРЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ХЭМЖИГДЭХҮҮН

 

Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Та бүхэнд энэ удаагийн лекцийг танилцуулахад бэлэн боллоо. Бид энэ удаад “Ядуурлын тухай ойлголт, хэмжигдэхүүн” гэсэн сэдвийг сонгон авч байна. Та бүхэн таалан болгооно уу.

Ядуурал нь хүн төрөлхтний нийгмийн хамгийн хурц асуудлын нэг болно. Үүний зэрэгцээ, ядуурал нь эдийн засгийн мөн чанартай үзэгдэл юм. Хүн амын амьдралын түвшин, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ, улс орны үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг олон үзүүлэлтээр ядуурлын түвшинг авч үздэг. Ядуурал нь нийгмийн үзэгдэл болохын хувьд хүн амын худалдан авах чадвар буурах, эдийн засгийн хөгжил саарах, эдийн засгийн болон нийгмийн холбоо алдагдах, бараа, бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавартай байдаг.

Ядуурлын асуудал дэлхийн ихэнх улсын хувьд хүндхэн зүйл юм. 1992 онд Бразилийн Рио де Жанейро хотноо болсон дэлхийн чуулга уулзалтаас “XXI зууны хэлэлцэх асуудлууд” нэрт бодлогын баримт бичиг гарсан байдаг. Түүнд ядууралтай тэмцэх нь гишүүн бүх орны нийтлэг чиг үүрэг мөн гэж заасан байдаг.

Орчин үед шинжлэх ухааны хүрээнд ядуурлыг судлах хоёр үндсэн хандлага оршин байна. Үүнд:

·         Социал-дарвинист хандлага. Уг онолын гол төлөөлөгчид нь Х. Спенсер, Э. Гиддэнс, П. Ж. Прудон нарын хүмүүс болно. Эдгээрийн дэвшүүлдэг гол санаа нь хүн амын дундах тэгш бус байдал нь жам ёсны үйл явц бөгөөд нийгмийн болон хүний хөгжлийг урагшлуулагч гол хүчин зүйл мөн гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд тэгш бус байдал, тэр дундаа ядуурал байх нь зүй ёсны үзэгдэл мөн. Ядуурал, тэгш бус байдал байснаар хүн, нийгмийн хувьд хөгжин дэвших нөхцөл бүрддэг байна гэсэн санааг гаргадаг.

·         Социал-тэгштгэсэн хандлага. Гол төлөөлөгчид нь Ж. Ж. Руссо, Г. Бабеф нар болно. Тэдний үзсэнээр, ядуурал бол байх ёсгүй нийгмийн үзэгдэл юм. Ядуурлын үндэс нийгэм дэх баялагийн тэгш бус хуваарилалттай холбоотой байдаг. Хэрэв ядуурлыг үндсээр нь арилгахыг хүсвэл нийгмийн харилцааг бүхэлд нь өөрчилсөн хувьсгалт үйл шаардлагатай гэж үздэг байна. Ж. Ж. Руссо бичихдээ “Хүн эрх чөлөөтэй төрдөг авч нийгмийн орчинд хаа сайгүй зөрчигдсөн байна” хэмээн бичжээ. К. Маркс, Ф. Энгельс нарын хувьд ядуурал нь баялагийн тэгш бус хуваарилалттай шууд холбоотой болно. Үйлдвэрлэлийн харилцаанд тэгш бус байдал ноёрхсоноор хөрөнгийн жигд бус хуваарилалт үүсэх бөгөөд үр дүнд ядуурал үүснэ гэж үзнэ. Ингэхдээ хүн төрөлхтнийг ядуурлаас ангижруулах цорын ганц арга байгааг нь оршин буй төр-нийгмийн тогтолцоог үндсээр нь халах явдал мөн гэж үзнэ. Энэ ч утгаараа “шинэ нийгэм хуучин нийгмээр жирэмсэн болоход хүчирхийлэл бариач эмгэн нь болно” хэмээн Маркс сургажээ. Харин В. И. Ленин хүн хүнээ дарлах ангит нийгмийн харилцаа түүхийн явцад улдаж, төр алмас сүхтэй зэрэгцэн түүхийн музейн үзмэр болох тухай сургасан байдаг.

·         Статистик-социологийн хандлага. Гол төлөөлөгчид нь Ф. Ле-Пле, Ч. Бут, С. Раунтри нар болно. Ядуурал бол юуны түрүүнд, нийгмийн өвчин мөн гэж үзнэ. Орлогын түвшин, үндсэн хэрэгцээгээ хангаж буй байдал, ажиллах чадвартай, эрүүл байхад шаардлагатай хэм хэмжээ зэрэг ядуурлын үзүүлэлт болдог талаар Ч. Бут онцолсон байна. Ямартаа ч ядуурлыг арилгавал зохих нийгмийн үзэгдэл мөн гэсэн санааг гаргасан. Гэхдээ өмнөх социал-тэгштгэх хандлагаас ялгаатай нь, бүхий л нийгмийн суурь шинжтэй гэж үзээгүй бөгөөд энэ ч утгаараа шийдвэрлэх арга нь хувьсгал биш гэжээ.

Хэв шинжийн хувьд ядуурлыг дотор нь харьцангуй, үнэмлэхүй, субьектив гэсэн гурван төрөлд ангилдаг байна.

Улс орны дундаж орлогын 40, 50 хувьд хүрэхгүй орлогоор амьдарч байгаа нөхцөлд харьцангуй ядуурлын тухай ярьж болох юм. Харин амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа бол үнэмлэхүй ядуурал мөн. Хүний өөрийнх нь байдал бусад хүний материаллаг байдалтай харьцуулахад харьцангуй доогуур байгаа нөхцөлд бид субьектив ядуурлын тухай асуудлыг авч үзэж болох байна.

Судлаачдын зүгээс ядуурал, хүний хөгжил урвуу хамааралтай үзэгдэл болохыг онцолдог. Өөрөөр хэлбэл, хаана ядуурал их байна, тэнд хүний хөгжил бдит утгаараа хангагдах боломж муу гэсэн санааг гаргадаг.

Сүүлийн жилүүдэд ядуурлын өөр нэг хэв шинжийн тухай хүчтэй ярих болсон. Энэ бол сэтгэлгээний ядуурлын тухай ойлголт юм. Ялангуяа хөгжиж буй улс орнуудад төрийн халамж, хамгааллын бодлого хүчтэй явагдах болсноор энэ төрлийн ядуурал нэмэгдэх, тэр хэрээрээ хүний хөгжил хангагдахгүй байх нөхцөл бүрдэж байгааг дурдах байна [1].

Энэ удаагийн лекц үүгээр жаргаж байна. Анхааран судалсан та бүгдэд баярлалаа. Тухайн сэдвийг дэлгэрүүлэн унших судлах даалгавар өгч байна.  

Ашигласан эх сурвалж

[1]

И. В. Шаповаленко, Возрастная психология (Психология развития и возрастная психология), Москва : Гардарики, 2005.

 

 

No comments:

Post a Comment