Monday, August 28, 2023

ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ. ХҮНИЙ ХӨГЖИЛ БА БОЛОВСРОЛ


XXI зуунд дэлхий дахинаа боловсролын тухай ойлголт хүний хөгжлийн үйл явцтай зэрэгцээд агуулга, хэлбэрийн хувьд бүрэн шинэчлэгдэн өөрчлөгдөх болсон. Энэ нь тодорхой учир шалтгаантай холбоотой биз. Хүний хөгжил, боловсрол, боловсролын тогтолцооны уялдаа, холбооны тухай асуудлыг хөндөхийн өмнө ерөөсөө боловсрол гэж юуг хэлэх, судлах ямар хэрэгцээ байгааг тодлох шаардлага гарна.
Боловсрол гэж юу вэ?
Боловсрол гэж юуг хэлэх тухай өнөөдрийг хүртэл нэгдсэн ойлголт төлөвшиж чадаагүй байна. Гэхдээ судлаачдын зүгээс дэвшүүлж буй нийтлэг шинж чанарт тулгуурлан дараах байдлаар тодорхойлж болох юм. Боловсрол гэдэг нь мэдлэг, үйл ажиллагааны туршлага, үнэт зүйлийн баримжаа, чадвар, хандлага олж авах үйл явц буюу сургалт, хүмүүжлийн баримжаа олгоход чиглэсэн зорилго, чиглэлтэй тасралтгүй үргэлжлэх нөлөөллийн үйл явц мөн. Өргөн утгаар авч үзвэл хүнд бие бялдарын чадвар, оюун ухаан, зан чанарын хандлага төлөвшүүлэх үйл явц болно (Александрова 2005, № 2, 83, 84).
Сургалт, хүмүүжлийн үйл явцыг ясли, цэцэрлэг, бага, дунд, ахлах, дээд, их сургууль гэх мэт эрэмбэлэгдсэн шат дамжлагаар олж авдаг. Үүнтэй холбоотойгоор боловсролын тогтолцоо гэх ойлголт үүснэ. Ингэхэд боловсролын тогтолцоо гэж юуг хэлэх вэ? Боловсролын тогтолцоо гэдэг нь суралцагч этгээдэд боловсрол олгох үндсэн зорилго бүхий институционал бүтцийг хэлнэ. Хүн төрөлхтний түүхэнд боловсролын анхны тогтолцоо хэрхэн үүссэн тухайд судлаачдын дунд байр суурийн нэгдмэл шинж төлөвшиж чадаагүй байна. Гэвч ихэнх судлаачдын зүгээс эртний Египетэд анх үүссэн болохыг онцолдог (Blunsom 2013, 123).
Эртний Египетэд сургалтын тогтолцоо юуны түрүүнд, нийгмийн дээд ангийн эрх ашигт үйлчилсэн явцуу хүрээнд хэрэгжиж байсныг онцлох байна. Өгүүлэн буй үед сургалт их төлөв эцгээс хүүд гэх замаар үүсвэрлэгдэж байжээ. Хэдийгээр сургалтын үйл явцтай холбоотой олон түүхийн эд өлгийн зүйл олдсон ч танхимийн сургалтын хэлбэр байсан гэх баримт олддоггүй. Магадгүй, сүм хийд, төрийн байгууллага гэх мэт газруудад сургалт явуулж байсан байх үндэстэй. Ихэвчлэн хүүхдийг 4 нас хүртэл эх нь хүмүүжүүлнэ. Дараагаар нь нийтийн сургуульд явуулна. 7-16 насанд нь хүүхдэд нийгмийн байр суурьт нийцүүлж боловсрол олгоно. Өөрөөр хэлбэл, гар урчуудын хүүхэд гар урлалын, санваартны хүүхэд шашин номын хэрэгт хичээнгүйлэн суралцдаг байна.  Жирийн иргэдийн хүүхэд 10 нас хүртлээ суралцана. Харин язгууртны хүүхэд насан туршид суралцана. Хичээл, зүтгэлээс хамаарч зэрэг, хэргэм, эрхлэх алба харилцан адилгүй байна. “Амьдралын Ордон” хэмээн нэрлэгдсэн сургуулиуд улс орны өнцөг булан бүрт байсныг судлаачид онцолсон байдаг.
Египетийн дараагаар эртний Грект боловсролын тогтолцоо өөрийн өнгө аястай хөгжиж байсныг онцлох байна. Ялангуяа энд эртний Грекийн Спарт, Афин хот улсыг онцгойлон дурдах байна. НТӨ II зуун гэхэд бүрэн төлөвшлөө олсон байна. Өгүүлэн буй үеийн боловсролыг тогтолцоог гурван үе шатат хэмээн онцолсон байдаг. Эхний шатанд бичиг үсэг, тоо бодох арга ухаанд сургана. Харин хоёр дахь шатанд унших, эрэгцүүлэн бодох аргад суралцуулна. Ингэхдээ тухайн цаг үед нэр цолгорсон мэргэдийн бүтээл, үзэл санаанд дүн шинжилгээ хийлгэдэг байна. Гурав дахь шатанд уран яруу өгүүлэхүйн эрдэмд сургана. Ингэснээр төгс төгдөлдөр Афин хот улсын бүрэн эрхт гишүүн болно.
Спарт хот улсын тухайд боловсролын тогтолцоо арай өөр байдлаар хөгжсөн юм. Спартад 7 нас хүртэл хүүхдийг эхийн асрамжид байлгана. 7-30 нас хүртэл гурван үе шаттай боловсролын тогтолцоонд хамруулж сургана. 7-15 нас хүртэл хүүхдийг бичиг үсэгт сургахын зэрэгцээ цэргийн дэглэмд хүмүүжүүлнэ. Жил бүр АГОН нэртэй тэмцээн зохион байгуулж, цэргийн бэлтгэл шалгана. Зарим нь тэмцээний явцад үрэгдэж үхнэ. 14 наснаас эхлэн зэвсэг биедээ авч явах эрхтэй болно.
15-20 нас хүртэл хурц сэргэлэн, ончтой дайчин байх зан чанарт сургана. 20-30 насанд улс төрийн болон иргэний эрх эдлүүлнэ. Гэвч цэргийн боловсрол үргэлжилнэ. Ингэснээр Спарт хот улсын бүрэн эрхт периэк болно. Эндээс хоёр зүйл анзаарагдана. Өмнө өгүүлсэн Афинд иргэний боловсрол, ингэхлээр оюун ухааныг, харин Спартад бие бялдарын хүмүүжил, ингэхлээр цэргийн боловсролыг чухалчилдаг байсан нь харагдана. Өөрөөр хэлбэл, өгүүлэн буй үед хүний хөгжлийн дээрх хоёр газарт харилцан адилгүй үздэг байжээ.
Чехийн алдарт сурган хүмүүжүүлэгч Ян Амос Коменский (1592-1670 он) “Их дидактик” бүтээлдээ хүний хөгжлийн үндэс нь хүртэхүй, оюун ухаан, итгэл байх бөгөөд хүртэхүй эдгээрээс хамгийн чухал нь болно. Хүнийг зургаан наснаас эхлэн орчноос тусгаарлагдмал анги-танхимийн хүрээнд зорилго, чиглэлтэй сургаж болно гэж үзсэн нь хүн төрөлхтний түүхэнд томоохон дэвшил авчрахын үүтгэл болжээ. 6 нас хүртэл сургалтыг эхийн сургууль хариуцна. Энэ үйл явцад эх чухал чиглүүр болж өгдөг байна. Харин 6-12 насанд төрөлх хэлний сургууль гэж байна. Харин 12-18 насанд гимназид суралцана. Эцэст нь 18-24 насанд хүн академи нэртэй дээд сургуульд хамрагдана гэж Коменский үзсэн байна. Үүний дараа насанд хүрэгчид болон хижээл настны сургууль байж болохыг үгүйсгээгүй байна.
Гэхдээ XIX зууны шувтарга үе хүртэл боловсрол олгох үйл явц явцуу хүрээнд, нийгмийн дээд ангийн эрх ашигт үйлчилж байсныг онцлох байна. Эмэгтэйчүүд үндсэндээ боловсролын тогтолцооны гадуур оршиж байв. Хүүхэд төрүүлэх, эр нөхөр, үр хүүхдээ халамжлах нь эмэгтэй хүний үндсэн үүрэг гэх уламжлалт хандлага хүчтэй байсны үрээр хүний хөгжлийг хангах асуудалд хүйсийн эрх тэгш харилцаа чухалчлагдах болсон юм.
XX зууны эхэн үеэс хүний хөгжил, тэр дундаа боловсрол хүйсийн эрх тэгш байдлыг хангах, боловсролын хүртээмжийг дээшлүүлж, бүх нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү хөгжих болсон юм. Энэ утга бүрнээ хадгалагдаж өнөө бидний үе хүрсэн билээ. Харин XX зууны сүүл, XXI зууны эхэн үед боловсролын салбар тоон талаасаа төдийгүй чанарын талаасаа ихээхэн өөрчлөгдөж байна. Танхимын сургалтаар бүх нийтийн шинжтэй байсан боловсролын тогтолцоонд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг дагалдаад шинэ хэлбэр өнгө, төрх нэмэгдэх болсон. Үүний нэг илрэл нь цахим буюу онлайн сургалт юм. Нөгөөтэйгүүр мэдээллийн хүртээмж, багтаамж урьд байгаагүй ихээр өсөн нэмэгдэж байна. Хэрэв хүсвэл, нөхцөл бүрдлээ гэж үзвэл дөрвөн жилийн туршид сургалтаар олж авдаг байсан боловсролыг хүн гурав юм уу хоёр сарын хугацаанд олж авах бололцоотой болжээ. Үүнийг дагалдаад дэлхийн улс орнуудын их, дээд сургуулиуд ч өөрчлөгдөж байна. Хэрхэн өөрчлөгдөж чадсан нь тухайн сургуулийн нэр хүндийг тодорхойлдог болжээ. Үүний зэрэгцээ боловсрол олж авсан хүн хэр хугацаанд хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч чадаж байна вэ гэдэг томоохон асуудал болж хувирсан. Бид бүхэн эдгээрийг дараах судалгаа, арга зүй, үр дүнгээс мэдэж болох юм.
Дэлхийн Их Сургуулиудын Зэрэглэл Тогтоох Төв (The Center for World University Rankings, or CWUR) нь боловсрол болон эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр их, дээд сургууль, засгийн газруудад зөвлөгөө өгдөг дэлхийн нэр нөлөө бүхий байгууллага болно.
2012 оноос эхлэн боловсролын чанар, ажил эрхлэлтийн байдал, сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэл гэх мэт шалгуурыг үндэс болгон улс орнуудын их, дээд сургуулиудыг эрэмбэлэх судалгаа эрхлэх болсон. Уг төсөл дэлхийн шилдэг 100 их сургуулийг тодруулах ажлын хүрээнд анхлан хэрэгжиж эхэлсэн. 2019 онд дэлхийн хорин мянга гаруй их сургуулийг жагсааж тэдгээрээс 2000 шилдэг их сургуулийг тодруулсан байна.
2016 оноос тус байгууллагын төв Арабын Нэгдсэн Эмират Улсад шилжсэн байна.
2019 онд дэлхийн шилдэг 20 их сургуулийг дараах байдлаар эрэмбэлсэн байна.
Хүснэгт 1. Дэлхийн шилдэг хорин их сургууль
Дэлхийн зэрэглэл
Сургуулийн нэр
Улсын харьяалал
Улсын зэрэглэл
Боловсролын чанар
Ажил эрхлэлтийн байдал
Сургалтын чанар
Э\Ш-ий гүйцэтгэл
Оноо
1
Харвардын Их Сургууль
АНУ
1
2
1
1
1
100
2
Массачусэтсийн Технологийн Дээд Сургууль
АНУ
2
1
10
2
5
96.7
3
Стэнфордын Их Сургууль
АНУ
3
9
3
3
2
95.2
4
Кэмбрижийн Их Сургууль
Англи
1
4
19
5
11
94.1
5
Оксфордын Их Сургууль
Англи
2
10
24
10
4
93.3
6
Колумбын Их Сургууль
АНУ
4
13
12
8
12
92.6
7
Принстоны Их Сургууль
АНУ
5
6
14
6
54
92.0
8
Бэркли дахь Калифорнийн Их Сургууль
АНУ
6
5
48
9
6
91.6
9
Пенсильваний Их Сургууль
АНУ
7
15
8
30
14
91.1
10
Чикаго Их Сургууль
АНУ
8
11
18
19
16
90.7
11
Калифорнийн Технологийн Дээд Сургууль
АНУ
9
3
179
4
52
90.4
12
Йелийн Их Сургууль
АНУ
10
8
32
12
17
90.1
13
Токиогийн Их Сургууль
Япон
1
22
6
69
23
89.8
14
Корнелл Их Сургууль
АНУ
11
12
26
13
22
89.5
15
Баруун Хойдын Их Сургууль
АНУ
12
160
16
31
24
89.3
16
Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль
АНУ
13
32
57
15
10
89.0
17
Мичиганы Их Сургууль
АНУ
14
35
35
85
9
88.8
18
Жон Хопкинс Их Сургууль
АНУ
15
31
164
20
7
88.6
19
Вашингтоны Их Сургууль
АНУ
16
47
208
14
8
88.4
20
Йллинойсийн Их Сургууль
АНУ
17
16
129
17
46
88.2
Хүснэгтээс үзэхэд боловсролын салбарт АНУ, Европын улс орнууд тэргүүлэх байр суурьтай байгааг харж болох байна. Мөн Япон улс боловсролын салбарт хүч түрж байгааг мэдэж болох юм. XXI зуунд дэлхийн улс төрийн бодлого шинэ шатанд гарч, тэр хэрээрээ боловсрол геополитикийн орон зай тэлэх чухал хэрэглүүрт тооцогдож байна. Энэ учирт улс орнуудын засгийн газар боловсрол, тэр дундаа их, дээд сургуулийн сургалтын чанарт ихээхэн анхаарах болсон байна. Үүний нэг томоохон илрэлийг ОХУ, БНХАУ гэсэн хоёр улсын жишээн дээрээс тодорхой харж болох юм. Дэлхийн Их Сургуулиудын Зэрэглэл Тогтоох Төвийн судалгаанаас үзэхэд ОХУ, БНХАУ боловсролын салбарт ихээхэн анхаарч байгаа нь ойлгогдож байна. ОХУ-ын 41 их сургууль дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтад багтаж, боловсролын чанараар 32-р байрт үнэлэгдэж байна. БНХАУ-ын хувьд 132 их сургууль дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтад багтаж, боловсролын чанараар 108-р жагсаж байна. Харин Монгол улсын тухайд дэлхийн шилдэг арван мянган их сургуульд МУИС (2962-р байр), ШУТИС (4340-р байр), АШУҮИС (5741-р байр), Ховд Их Сургууль (7537-р байр) тус тус байр эзэлж, боловсролын чанарын хувьд 189 орноос 55-р байрт үнэлэгдсэн байна. Дашрамд дурдахад Удирдлагын Академи (20444-р байр), Этүгэн Их Сургууль (24174-р байр) дэлхийн чансаанд ийм байдлаар үнэлэгдсэн байна.
Хичээлийн лекцийн төгсгөлд жаргаах үг болгон өгүүлэхэд хүний хөгжил дэлхийн аль ч улсад боловсролын тогтолцоогоор дамжин үнэлэгдэх бөгөөд энэ учирт улс орнууд уг салбарт анхаарлаа хандуулж буй дүр зураг харагдаж байна.